Шууд Chart

Түлэнхийн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийж байна

2014-08-29 10:19:04

Солонгос Улсаас ирсэн "Ханганг Соо" эмнэлгийн Түлэнхийн хүрээлэнгийн пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийг зорьж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.  
ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг өөрийн байр үгүйгээс уг үйл ажиллагаа "Мөнгөн гүүр" хувийн эмнэлэг дээр болж байгаа юм. “Мөнгөн гүүр” эмнэлгийн В давхарт түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид дараалалд зогсож байхтай таарлаа. Биднийг очиход эмч нар үзлэгээ эхэлсэн байв.

Үйлчлүүлэгчдийн олонх нь түлэгдлийн хөнгөн зэрэгтэй 0-5 насны хүүхэд тэвэрсэн эцэг,  эхчүүд байсан юм. Тэдний төлөөлөлтэй эхлээд уулзлаа. Гурван ой хоёр сартай Тэмүүлэн хүүгээ тэвэрсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х.Цэнгэл “Манай хүү өнгөрсөн хавар халуун зууханд алгаа нааж гарынх нь алга түлэгдсэн юм. Энд ирээд нөхөн сэргээх эмчилгээнд нь хамрагдаж байна. Эмчилгээ нь үнэ төлбөргүй боломжийн юм. Харин шаардлагатай боолт, эм бэлдмэлийг өөрөө авч үйлчлүүлж байна. Бид хоёр өчигдөр бас ирсэн” гэж ярилаа. Хөнгөн зэргийн буюу бага зай талбай хамарсан түлэгдэлтэй эдгээр хүүхдүүдээс гадна ямар нэг гал түймэр, халуун ус, осол аваараас болж түлэгдээд багагүй хугацааг өнгөрүүлсэн иргэд ч үзүүлж, эмчлүүлж байсан юм. 11:00 цагийн байдлаар үзүүлэх ёстой 30 хүний 26 нь эмчилгээ үйлчилгээндээ орсон байв. Тэдний 20 нь 0-5 насны хүүхэд, зургаа нь насанд хүрэгчид байлаа. Түлэнхийн үнэгүй үзлэг, эмчилгээнд хамрагдахаар ирсэн иргэд ч цаг минут өнгөрөх тусам нэмэгдэн ирж байгаа харагдана. Гэвч зохион байгуулагчид “Өглөөний 9:00-12:00 цаг хүртэл дунджаар 30 хүнийг Солонгос эмч нар үзэж байгаа. Үзүүлж амжаагүй иргэд маргааш өглөө эрт ирж болно. Эсвэл манай ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт үзүүлэх боломжтой” гэж байна. 

Үзлэгийн зааланд орвол Солонгосын “Ханганг Соо” эмнэлгийн түлэгдэл, гэмтлийн пластик мэс заслын гурван эмч тун завгүй ажлаа хийж байсан юм. Мөн тус эмнэлгээс нийгмийн ажлаар хоёр ажилтан ирсэн байлаа. Тэднээс ГССҮТ-тэй хамтран хийж буй энэхүү үйл ажиллагааных нь талаар асуухад тус эмнэлгийн Пластик мэс ажилбарын мэргэжилтэн Сон Ху Жин “Бид энэ сарын 27-нд ирээд 31-ний өдрийг дуустал монголчуудад эмчилгээ, зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө. Учир нь манай эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа ажлаар хөгжиж буй улс орны ийм төрлийн өвчин зовлонтой байгаа төлбөрийн чадвар муутай иргэдэд хүмүүнлэгийн ажлаа хандуулдаг юм. Бид танай оронд ирээд хоёр дахь өдрөө ажиллаж байна” гэлээ.
Солонгос эмч нар зарим шаардлагатай мэс ажилбарыг ч хийх юм байна. Мөн онц хүнд түлэгдэлтэй буюу түлэгдэлтийн сорвитой гурван хүүхдийг Солонгос дахь өөрийн эмнэлэгтээ үнэ төлбөргүйгээр нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал хийх ажээ. 
“Ханганг Соо” эмнэлэг Монгол Улс руу гурав дахь жилээ төлөөлөгчдөө явуулаад байгаа нь энэ байлаа. Өмнөх жилүүдэд эмчлүүлсэн иргэд ч “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр ирж зөвлөгөө авч байхтай бид таарсан юм. Иргэд ихээхэн сэтгэл ханамжтай байгаа нь үйлчлүүлэгчдийн ярианаас ажиглагдана. Тэдний дунд төлбөрийн чадваргүйгээс Солонгос улсад хүүхдээ үнэгүй мэс ажилбар хийлгэхээр зорин ирсэн иргэд ч байна. ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон “Ханганг Соо” эмнэлгийн олгож буй боломжийг ашиглан Солонгост  хүүхдээ эмчилгээнд явуулахаар хүсэлтээ гаргасан хүмүүс ч байв. 

ГССҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын эмч, эрхлэгч Э.Галбаатар “Ханганг Соо” эмнэлэг бол түлэнхийг нөхөн сэргээх, лазер эмчилгээ хийдэг, мэс ажилбар хийж түлэнхийн сорвийг эмчилдэг зэргээрээ бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Солонгосынхоо энэ салбарын анхдагч байгууллага юм. Бид гурав дахь жилдээ туршлага солилцож байна. Харин бусад эд эрхтэндээ нөлөөлөх түлэгдэлт, түлэнхийн сорвийг мэс ажилбараар анагаах, өвчтөнийг гоозүй рүү чиглүүлэн нөхөн сэргээх тал дээр манайх дутагдалтай байна. Хэрэв бид өөрийн гэсэн эмнэлэг, тасгийн байр, тоног хэрэгсэлтэй болчихвол Солонгосын түвшинд хүрэх бүрэн боломжтой. Манайд гаднын улсуудад нарийн мэргэшсэн чадварлаг эмч нарын нөөц ч бүрдсэн байгаа” гэж ярилаа.
ГССҮТ-ийнхэн энэ сарын 31-нд Олон улсын онол, практикийн бага хурлыг “Ханганг Соо” эмнэлгийн захирал, эмч мэргэжилтнүүдтэй Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хийхээр товлосон байна. Э.Галбаатар эмчийн хэлж буйгаар манай ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт өдөрт 40-50 хүн ханддаг аж. Тэдний 80 гаруй хувь нь түлэнхийн гүн зэрэгтэй, талбай их хамарсан байдгаас хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Ямар нэгэн байдлаар түлэгдсэн хүнд анхан шатны тусламжийг зөв өгөөгүй, эмнэлгийн байгууллагад ирж нарийн мэргэжлийн эмчилгээг цаг тухайд нь аваагүйгээс шарх нь буруу эдгэх, гүн сорвитой үлдэх, бусад эд эрхтэн нь саажих зэргээр хүндэрдэг ажээ. Хүмүүс түлэгдсэн хэн нэгэнд анхны тусламж үзүүлэхдээ мал, амьтны тос, элсэн чихэр, гурил, давс, бүр цаашилбал гутлын тос, саван, үхрийн баас гээд гар доор байгаа юм болгоныг түрхдэг нь шархыг нь бохирдуулах, хордлого өгөх, сэдрээх зэрэг сөрөг үзэгдлүүдийг дагуулдаг байна. Тиймээс ойр тойронд тань хэн нэгэн түлэгдвэл хамгийн түрүүнд эмнэлэг бараадах хэрэгтэйг  сануулж байсан юм.

Дахин хэлэхэд, энэ сарын 31-нийг хүртэл 9:00-12:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч нар, Солонгосын “Ханганг Соо” эмнэлгийн пластик мэс заслын эмч мэргэжилтнүүд үнэ төлбөргүйгээр үзлэг зөвлөгөө хийнэ. Хэрэв танд түлэнхийн ямар нэг зовиур бий бол эдгээр өдрүүдэд ирж үйлчлүүлэх боломжтойг эмч нар хэлж байлаа. 
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Түлэнхийн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийж байна  
Үзсэн: 5303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй