Шууд Chart

Европын холбоо ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг гуравдагч улсууд руу дамжуулах үйл явцыг хязгаарлана

2024-06-26 11:20:36

Европын холбоо Украинд хийж байгаа дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг 14 дэх багц хориг арга хэмжээг зарлалаа.

Шинэ хоригт Москвагийн Европоор шингэрүүлсэн байгалийн хий дамжуулдаг далд флот болон хэд хэдэн компанийг хамруулжээ.

Ингэснээр Орос гуравдагч улсууд руу гаргах зорилгоор шингэрүүлсэн байгалийн хийгээ Европын холбооны нутаг дэвсгэрт дахин дамжуулахыг хориглож байна.

Европын холбооны тооцоолсноор өнгөрсөн онд Оросын 4-6 тэрбум куб метр шингэрүүлсэн байгалийн хийг Европын холбооны боомтуудаар дамжуулан гуравдагч улсууд руу тээвэрлэсэн байна.

Оросыг дайнаа санхүүжүүлэх эрчим хүчний орлогын эх үүсвэрээ хадгалах, хоригоос зайлсхийхийн тулд 400 хүртэлх хөлөг онгоц бүхий “далд флот” ажиллуулж байна гэж Европын холбоо сэжиглэж байгаа юм.

Тиймээс шинэ хоригоор хөлөг онгоцноос хөлөг онгоц руу, хөлөг онгоцноос эрэг рүү шилжүүлэх, дахин дамжуулах үйл ажиллагааг нь хязгаарлахыг зорьж байна.

Мөн Европын холбооны орнуудаар дамжуулан гуравдагч зах зээл рүү шингэрүүлсэн байгалийн хий дахин экспортлохыг таслан зогсоох, одоо хэрэгжүүлж байгаа шингэрүүлсэн байгалийн хийн төслүүдээ дуусгах боломжийг ОХУ-д өгөхүйц шинэ хөрөнгө оруулалтыг хориглох юм байна.

Үүний зэрэгцээ Европын холбооны хоригт Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын банк, агентлаг, аж ахуйн нэгжүүдийг нэмж оруулжээ.

Тэдгээрийн дийлэнх нь Европын холбооны хоригоос тойруу замаар ОХУ-д чухал тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж буруутгагдаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг гуравдагч улсууд руу дамжуулах үйл явцыг хязгаарлана   
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй