Энэ сарын эхээр болсон Евродын парламентын сонгуульд өөрийнх нь тэргүүлдэг төвч эвсэл ялагдал хүлээснээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ээлжит бус сонгууль зарласан.
Энэ ням гарагт эхний шатны санал хураалт болохтой холбогдуулж тэрбээр сонгогчдыг хэт баруунч, эсвэл хэт зүүний үзэлтнүүдийн талд сонголт хийхдээ болгоомжтой байхад уриалжээ.
Ийм үзэл баримтлалтай хүчнүүдийн хэт зөрүүтэй бодлого байр суурь улс төрийн “хямрал, иргэний дайн” дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай талаар Эммануэл Макрон анхааруулсан байна.
Марин Ле Пений тэргүүлдэг хэт барууны үзэлт "Үндэсний сэргэлт" нам болон хэт зүүний үзэлт “Нугаршгүй Франц” намын аль, аль нь “бодит асуудлууд”-д тааруу шийдэлтэй, зарим талаар “хямрал сөргөлдөөн, иргэний дайн” өдүүлэх хэмжээнд асуудлыг тавьдаг гэж Эммануэл Макрон даваа гарагт нэгэн подкастад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Улмаар Эммануэл Макрон өөрийнх нь төвч эвслээс бусад хүчнийг сонгох нөхцөлд улс оронд нь хямрал нүүрлэнэ гэж үзэж байна.
Ням гарагт эхний шат, удаах шат нь долоодугаар сарын 7-нд болох парламентын доод танхим Үндэсний ассамблейн ээлжит бус сонгуулийн дүн ямраар гарахыг одоо хэр таашгүй байгаа нь Францын сонгуулийн нарийн төвөгтэй тогтолцоо, мөн эвслүүд үүсэж болзошгүй зэргээс үүдэлтэй байна.
Парламент дахь суудлын хуваарилалтыг мөн бүрэн төсөөлөх боломжгүй байгаа ч Марин Ле Пений тэргүүлдэг хэт барууны үзэлт “Үндэсний сэргэлт” нам илт давуу биш боловч давамгайлж мэднэ гэж ажиглагчид үзэж байна.
Энэ нөхцөлд уур амьсгал, дүрвэгчид, жендэрийн тэгш эрхийн бодлогын асуудлыг тус нам шинээр хөндөж тавьж болзошгүй.
Хэрвээ тэгвэл үр дагавар нь Европын холбоо даяар тархан нөлөөлөх эрсдэлтэй гэж улстөр судлаачид мөн үзэж байна.
Энэ зуур Францын Спортын сайд Парисын олимпын наадмаас гуравхан 7 хоногийн өмнө таарч байгаа ээлжит бус сонгуулийн дүн олимпын зохион байгуулалтад сөрөг нөлөөлж болзошгүй гэж ярьсан байна.
Энэ ажилд өмнө нь оролцож байгаагүй хүмүүс сонгогдсоноор хурдан гар нийлж ажиллахад бэрхшээл тулгарах эрсдэлийг тооцох шаардлагаас үүдэж тэр "Франс 2" сувагт ийм байр суурь илэрхийлжээ.
Францын Ерөнхийлөгч хэт барууны болон хэт зүүний үзэлтнүүдийг сонгохоос сэрэмжлүүлэв | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.