Францын парламентын ээлжит бус сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний нэгдэл” нам хамгийн олон буюу сонгогчдын саналын 34 орчим хувийг авсан байна.
Харин Ерөнхийлөгч Эммануэль Макроны төвийн үзэлтэй улс төрийн намуудын “Хамтдаа” эвсэл 23 орчим хувийн санал авчээ.
Ирэх ням гарагт болох сонгуулийн хоёр дахь шатанд хамгийн олон санал авсан нам шууд ялалт байгуулсанд тооцогдоно.
Хэрвээ хоёр дахь шатанд хэт барууны нам ялвал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа хэт барууны, үндсэрхэг үзэлтэй нам Францын засгийн эрхийг барих юм.
Мөн сонгуулийн дүн Европын санхүүгийн зах зээл, Өрнөдийн орнуудын Украинд үзүүлэх тусламж зэрэгт нөлөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Сонгуулийн өмнөхөн байгуулагдсан зүүний үзэл баримтлалтай намуудын эвсэл болох "Ардын шинэ фронт" эвсэл 29 орчим хувийн санал авчээ.
Энэ эвсэл эдийн засгийн шинэчлэлтүүд тэр дундаа тэтгэврийн насыг 62-64 болгох тухай хуулийн төслийг эргүүлж татахаа амлаж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авахад гол нөлөө үзүүлж байна.
Одоо хоёр дахь шатанд хамгийн их санал авсан хоёр нам болон нийт сонгогчдын 12.5 хувиас дээш санал авсан нам, эвсэл дахин өрсөлдөнө.
Марин Ле Пений нам дараагийн шатны санал хураалтад ялалт байгуулах эсэх нь өрсөлдөгч нам, эвслүүдийн тохиролцооноос хамаарна гэж улс төрийн ажиглагчид үзэж байна.
Өмнө нь баруун төвийн, зүүн төвийн үзэл баримтлалтай намууд хүчээ нэгтгэснээр "Үндэсний нэгдэл" намыг унагаж байсан юм байна.
Нөгөө талаар Марин Ле Пений нам үнийн өсөлтийг бууруулж, цагаачлалын хямралыг шийдвэрлэхээр шинэ мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь сонгогчдын дэмжлэгийг давуу авахад нөлөөлж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Францын иргэд, олон нийт инфляцын өсөлт, эдийн засгийн төлөв байдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа нь Эммануэль Макроны намын дэмжлэг буурахад нөлөөлж буй юм байна.
Өнгөрсөн сарын эхээр болсон Евро парламентын сонгуулиар Францын хэт барууны үзэлтэй намууд ялалт байгуулсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан.
Энэхүү ээлжит бус сонгуулиар Францын 49.5 сая сонгогч парламентын доод танхим Үндэсний Ассамблейн 577 гишүүнийг сонгох юм.
"Үндэсний нэгдэл" нам болон түүний эвслийн хүчнүүд 577 суудлын 230-280 суудлыг, "Ардын шинэ фронт" нам 125-165 суудал, Эммануэль Макроны нам 70-100 суудал авч магадгүй гэсэн урьдчилсан таамаг гарчээ.
Хэрвээ хэт барууны нам ялвал Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2027 онд бүрэн эрх нь дуусах хүртэл хэт барууны Засгийн газартай хамтрахаас аргагүйд хүрнэ гэсэн үг юм.
БНФУ-ын парламентын сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй нам тэргүүллээ | ||
Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.