Шууд Chart

ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого зургаадугаар сард 50 гаруй хувиар өсжээ

2024-07-02 11:24:07

Өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар өсөж, 812 тэрбум рубль буюу 9.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай "Ройтерс" мэдээлсэн байна.

Энэ бол Москва Украинд дайн эхлүүлсний хариуд тавьсан Өрнөдийн хориг арга хэмжээг хэрхэн даван туулж, орлого олж байгааг харуулсан үзүүлэлт гэж эдийн засгийн шинжээчид дүгнэжээ.

Энэ орлого Кремлийн бэлэн мөнгөний хамгийн чухал эх үүсвэр болж байгаа төдийгүй сүүлийн 10 жилийн холбооны төсвийн нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлж байна гэж "Ройтерс"-ийн шинжээчид тооцоолжээ.

2023 оны зургаадугаар сард ОХУ газрын тос, байгалийн хийгээс 529 тэрбум рублийн орлого олж байсан. Мөн ОПЕК+ нь орнуудын үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд олборлолт, экспортоо бууруулснаар ОХУ-ын түүхий нефть, байгалийн хийн жилийн орлого өнгөрсөн онд 8.8 их наяд рубль болж буурч байсан.

Москва дайны үеийн батлан хамгаалах, аюулгүй байдлын зардал нь хоёр жил дараалан төсвийн алдагдалд хүргэсэн учир эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ Европоос Энэтхэг, Хятад руу чиглүүлсэн.

Үүний үр дүнд Оросын энэ онд газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого 2023 онтой харьцуулахад 21 хувиар нэмэгдэж, нийтдээ 10.7 их наяд рубльд хүрнэ гэж "Ройтерс"-ийн шинжээчид таамаглаж байна.

ОХУ тавдугаар сараас эхлэн боловсруулах үйлдвэрүүдэд олгох төсвийн татаасыг 60 тэрбум рублиэр бууруулсан нь зургаадугаар сарын газрын тос, байгалийн хийн борлуулалтын орлого өсөхөд гол нөлөө үзүүлжээ.

Төрөөс олгодог энэ татаас нь боловсруулах үйлдвэрүүдийг бүтээгдэхүүнээ экспортлохын оронд дотооддоо хямд үнээр борлуулахыг дэмждэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого зургаадугаар сард 50 гаруй хувиар өсжээ   
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй