Шууд Chart

БНСУ Хүн ам зүйн бодлогын яам байгуулна

2024-07-02 12:04:22

Өмнөд Солонгосын Засгийн газар улс орны өмнө тулгамдаад байгаа хамгийн том сорилтуудын нэг төрөлтийн түвшин буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаатай уялдуулан Хүн ам зүйн бодлогын яам байгуулахаар болжээ.

Бодлогын яамтай болсноор төрөлт нэмэгдүүлэх, ахимаг насны хүн амын өсөлт, ажиллах хүч, цагаачлал зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөлтөд голлон анхаарч, шат дараатай арга хэмжээ авах юм байна.

Шинээр байгуулах Хүн ам зүйн бодлогын яам нь хүн амд чиглэсэн бодлого боловсруулах, дунд болон урт хугацааны стратеги төлөвлөлт хийхийн зэрэгцээ эрүүл мэнд, Сангийн яамны хариуцаж байгаа хүн амтай холбоотой ажлуудыг хариуцна.

Мөн хүн амын дунд төрөлт нэмэгдүүлэх төсвийг холбогдох яамдад хуваарилж, зохицуулалт хийх юм байна.

Үүний зэрэгцээ хүн ам зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон нийтийн дунд кампанит ажил, сурталчилгааг идэвхжүүлж, хүн ам зүйн мэдээлэлд судалгаа, дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна.

Өмнөд Солонгос улс дэлхийн хэмжээнд хүн амын дундах төрөлтөөрөө хамгийн бага түвшинд байгаа. Тус улсын статистик мэдээллээр Өмнөд Солонгост эмэгтэй хүн нөхөн үржихүйн хугацаанд төрөх хүүхдийн дундаж тоо 2022 онд 0.78 байсан бол 2023 онд 0.72 болж өмнө нь байгаагүй хамгийн бага түвшинд хүрч буурсан. Төрөлт жил дараалан ингэж буурахад Өмнөд Солонгосын нийгэм дэх ажил карьерын онцлог, хүүхэд өсгөх санхүүгийн зардал өндөр зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг юм байна.

Ер нь улс орнууд цагаачлал бага нөхцөлд хүн амаа тогтвортой байлгахын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай байдаг юм байна.

Европын олон улс оронд мөн л хүн амын дунд хөгшрөлт хурдтай байгаа ч энэ өөрчлөлтийн хурд үр нөлөөг цагаачлал бууруулж байгаа. Харин Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг улсад хөдөлмөрийн насны хүн амын бууралттай тэмцэхийн тулд цагаачдыг олноор нь авахгүй байгаа аж.

Мэргэжилтнүүдийн хувьд Азийн бүс нутаг дахь хүн ам зүйн энэ өөрчлөлтийн шалтгаан нь хөдөлмөрийн зах зээл дэх соёл, цалин хөлс бага, амьдралын өртөг өндөр, гэрлэлт, хүйсийн тэгш байдлын талаарх хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой гэж үздэг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ Хүн ам зүйн бодлогын яам байгуулна  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй