Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын Радио Холбооны Зохицуулах Хороо ОХУ-ыг Европын орнуудын хиймэл дагуулуудын үйл ажиллагаанд, тэр дундаа GPS системд санаатай саад учруулахаа зогсоохыг уриалсан байна.
Украин, Франц, Нидерланд, Швед, Люксембург зэрэг улсаас удаа дараа гомдол гаргасны мөрөөр Женевт төвтэй НҮБ-ын энэ төрөлжсөн байгууллага тус уриалгыг гаргасан талаар “Дойче велле” мэдээлсэн байна.
Дээрх улсууд сүүлийн саруудад байршил зүйн дэлхийн сүлжээ буюу GPS сүлжээний хиймэл дагуулуудынх нь ажиллагааг ноцтой доголдуулсан тохиолдлууд гарч, улмаар нисэх онгоцуудынх нь нислэгийн удирдлагад саад учирсан гэдэг гомдол мэдүүлжээ.
Үүнээс гадна хүүхдийн телевизийн сувгуудын дамжуулалт тасарч, оронд нь Украины дайны талбарт авсан, харгислал үзүүлсэн бичлэгүүд гаргасан тохиолдлууд гарчээ.
Цахилгаан холбооны Олон улсын холбооноос мэдээлж байгаагаар, Швед, Франц зэрэг улсын хиймэл дагуулын сүлжээг доголдуулсан дохионууд Москва, Калининград, Павловка зэрэг Оросын хот районууд орчимд байрлалтай газрын станцуудаас гарсан байж болзошгүй байгааг тэмдэглээд, энэ нь онц ноцтой санаа зовоох асуудал тул ОХУ-ыг энэ мэт үйл ажиллагаагаа зогсооход уриалжээ.
Үүний зэрэгцээ өнгөрсөн 3 сард Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шэппсийг Польшоос Их Британи руу буцах замд Москва нисэх онгоцных нь байршил заагчийг унтраасан байж болзошгүйг Лондон мөн мэдэгдэж буй юм байна.
“The Telegraph” сонин 2024 оны эхний дөрвөн сарын туршид Британийн агаарын цэргийн хүчний хэдэн арван онгоцны GPS-ийг Оросын талаас унтраасан гэж мэдээлсэн бол Швед болон Балт орчмын орнууд мөн хиймэл дагуулуудынх нь ажиллагааг доголдуулсанд Оросыг буруутгаж буй юм байна.
Москва харин энэ бүгдийг үгүйсгэж, эсрэгээр нь НАТО-гийн орнуудыг Оросын хиймэл дагуулуудыг сарниулж байгаад буруутгажээ.
Олон улсын Цахилгаан холбооны байгууллага нь Швейцарын Женевт төвтэй, дэлхийн 193 улсыг нэгтгэдэг, дэлхий даяарх хиймэл дагуулын системийн зохицуулалт, харилцан уялдаат үйл ажиллагааг эрхэлдэг, хор аюултай хөндлөнгийн үйл ажиллагааг таслан зогсоох чиг үүрэгтэй байгууллага юм байна.
НҮБ Европын хиймэл дагуулуудын ажиллагаанд саад учруулахаа зогсоохыг ОХУ-д уриалжээ | ||
Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.