Шууд Chart

БНХАУ-д тагнуулын эсрэг чангатгасан хуулийн дагуу электрон хэрэгслүүдийг шалгах шинэ журам үйлчилж байна

2024-07-03 12:14:49

БНХАУ-д жилийн өмнө батлагдсан Тагнуулын эсрэг хуулийн нэмж өргөжүүлсэн заалтууд долоодугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

Сэжиг бүхий хувь хүн, байгууллагын гар утас, компьютер, электрон төхөөрөмжид шалгалт хийх эрхийг Үндэсний аюулгүй байдлын байгууллагуудад олгосон энэ хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой гэж Хятадын Төрийн аюулгүй байдлын яам мэдэгддэг байна.

Гэвч олон улсын хамтын нийгэмлэг энэ хууль тогтоомжийг буруугаар урвуулан ашиглах вий гэдэг болгоомжлолыг илэрхийлж байна.

Энэ хуулийн дагуу Үндэсний аюулгүй байдлын орон нутгийн болон дээд шатны байгууллагуудаас олгосон бүрэн эрхийн хүрээнд офицер, албаныхан энэ үзлэг шалгалтыг хийх ёстой байна.

Мөн онцгой нөхцөлд тусгай зөвшөөрөлгүйгээр гэнэтийн шалгалт хийж болохоор хуульчилсан, газар дээр нь цахим төхөөрөмжид үзлэг хийх боломжгүй нөхцөлд зориулалтын газарт аваачин шалгаж болохоор энд заажээ.

Гэхдээ “онцгой нөхцөл” гэдэгт юуг хамруулахыг шинэ журамд хангалттай тодорхой заагаагүйг Бээжин дэх дипломат эх сурвалж тэмдэглэснийг “Киодо ньюз” дурдсан байна.

Сэжиг бүхий электрон төхөөрөмжид хадгалагдаж байгаа цахим шуудан, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг мэдээллийг шалгах шинэ журам зөвхөн “тагнуулын бүлгүүдтэй” холбоотой хувь хүн, байгууллагуудад хамаарна, жишээ нь нисэх буудлууд дээр жирийн зорчигчдын гар утас, бусад төхөөрөмжийг шалгахгүй гэж Хятадын Төрийн аюулгүй байдлын яам өнгөрсөн сард мэдэгджээ.

Гэвч ийм үзлэг шалгалт хийж, түүнээ хууль ёсны гэж нотлохын тулд эрх баригчид энэ хуулийг ашиглана гэж шинжээчид үзэж байна.

Шинэ журам бас аялагч жуулчдыг Хятадыг зорихоос бэргэхэд хүргэж болзошгүйг Японы нэгэн аяллын компанийн төлөөлөгч ярьсан бол, өөр зарим компани ажил албаны шугамаар Хятадад зорчдог ажилтнуудаа хувийн гар утас сэлтгүй явахыг зөвлөжээ.

Ши Жиньпиний засаг захиргаа Үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, энэ хүрээндээ одоогоос жилийн өмнө долоодугаар сард Сөрөг тагнуулын тухай хуульдаа нэмж чангатгасан заалтууд батлан мөрдөж эхэлсэн.

Мөн цэргийн байгууламжууд дахь удирдлагын нууцлалыг чангатгах арга хэмжээ зэрэг улсын нууцыг хамгаалах тухай нэмж шинэчилсэн хууль энэ оны тавдугаар сард баталсныг хэвлэлүүд дурдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д тагнуулын эсрэг чангатгасан хуулийн дагуу электрон хэрэгслүүдийг шалгах шинэ журам үйлчилж байна  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй