Шууд Chart

НҮБ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах аян эхлүүлжээ

2024-07-03 13:11:13

НҮБ дэлхийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах аяныг даваа гарагт АНУ-аас эхлүүлсэн байна.

Таниулан сурталчлах хоёр жилийн хугацаатай энэ аян 2030 он гэхэд зам тээвэртэй холбоотой ослоор амь үрэгдэгсдийн тоог хоёр дахин бууруулах зорилготой аж.

НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн тусгай элч Жан Тодт "Аюулгүйн бүс зүүх, дуулга малгай, хамгаалалтын хэрэгсэл сэлтийг өмсөж занших, зам дээр гар утас хэрэглэхгүй байх зэрэг наад захын боловч аюулгүй байдалд амин чухал ач холбогдолтой дүрэм заавруудыг хүмүүст хүргэж, сургаж дадуулахад зорино" гэж аяны нээлтийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Аяны таниулга сурталчилгаа энэ долоо хоногийн даваа гарагаас эхэлж АНУ-ын Нью-Йорк, Чикаго, Бостон хотоос авахуулаад дэлхийн 80 гаруй улс, 1000 гаруй хотын гудамж, талбайн гадна сурталчилгааны самбаруудад байршина. 

Теннисний од Новак Жокович, Оскарын шагналын эзэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Сайн санааны элч Мишель Йо, супер модель Наоми Кэмпбелл зэрэг 14 алдартан энэ аянд дуу хоолойгоо өргөж нэгдэх юм байна.

Мэдээлэл сурталчилгааны энэ аян НҮБ-ын 2021 оноос эхэлсэн 2030 он хүртэлх Замын аюулгүй байдлын төлөөх дэлхийн хэмжээний арван жилийн аяны нэг хэсэг юм байна.

"НҮБ-ын мэдээгээр, жил болгон зам тээврийн шалтгаант ослоор дэлхийн хэмжээнд 1.2 сая хүн амиа алддаг, цаашлаад 40-50 сая хүн, олонх нь хүндээр гэмтэж бэртдэг, энэ бүх ослын 90 гаруй хувь нь хөгжиж байгаа орнуудад тохиолддог байна. Африкийн орнуудад голдуу, бас Азийн хэд хэдэн улсад, мөн Латин Америкт харуусмаар тоо улам нэмэгдэж байна. Тиймээс чимээгүй тахал болсон энэ аюулын эсрэг Засгийн газрууд хувийн хэвшлүүд хамтдаа тэмцэх шаардлагатай" гэж НҮБ-ын Тусгай элч Жан Тодт цохон мэдэгджээ.

НҮБ-ын мэдээлснээр замын осол аваар АНУ-ын хэмжээнд л гэхэд галт зэвсэгтэй холбоотой осол эндэгдлийн дараа орох томоохон "үхэл таригч" болдог байна. 

Мөн АНУ дахь ийм осол хэргийн тоо Европынхоос хоёр дахин өндөр байдаг гэсэн ДЭМБ-ын мэдээ байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах аян эхлүүлжээ   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй