Шууд Chart

Голууд үертэй байна

2024-07-05 13:20:30

Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Түй, Байдраг, Заг, Цагаантуруут, Алтай нуруунаас усжих Дундцэнхэр, Долоонуур, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.

Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Голууд үертэй байна   
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй