Британийн парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалтаар хамгийн том сөрөг хүчин гэгдэх Хөдөлмөрийн нам бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Хөдөлмөрийн нам Парламентын доод танхимын 650 суудлын 412-ыг авч, 14 жилийн хугацаанд анх удаа Консерватив намыг засгийн эрхээс буулгалаа.
Ерөнхий сайд Риши Сунакийн тэргүүлдэг эрх баригч Консерватив нам 121 суудал авчээ. Ингэснээр Хөдөлмөрийн намын дарга Кир Стармер Британийн Ерөнхий сайд болж байгаа юм.
Сонгуулийн үр дүнгээс харахад, Хөдөлмөрийн нам дангаараа Засгийн газар байгуулахад хангалттай буюу нийтийн танхимын 650 суудлын 412 суудлыг авчээ. Эрх баригч нам 121, Либерал ардчилсан нам 71, Шотландын үндэсний нам 9, баруун жигүүрийн популист Реформ нам 8 суудал тус тус авсан байна.
Өдгөө 61 настай Стармерийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаан дахь Британийн 4 дэх Ерөнхий сайд болох юм. Хөдөлмөрийн нам энэ удаагийн сонгуульд “Өөрчлөе” гэсэн уриатай оролцож, улс орны нийгэ, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чадсан байна.
Хөдөлмөрийн нам эхний ээлжинд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээний хүлээлгийн цагийг бууруулах, хилийн аюулгүй байдлын шинэ команд байгуулах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эсрэг үзэл бодлыг өөрчлөх, шинээр 6500 гаруй багш ажилд авах зэрэгт голлон анхаарч ажиллахаа амлаж байна.
ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Кир Стармер “Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам гэдэг уриа зүгээр ч нэг лоозон биш. Энэ бол бидний хийсэн, цаашид хийх ёстой бүх зүйлийг удирдан чиглүүлэх зарчим юм. Эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хилээ хамгаалах гээд Их Британийн ард түмний ашиг сонирхолд бид үйлчлэх болно. Бидний эхлүүлсэн ажил хэзээ ч зогсох ёсгүй. Бид Хөдөлмөрийн намыг өөрчлөн шинэчилж сонгуульд өрсөлдсөн, одоо өөрчлөгдсөн намын хувиар засаглах болно” гэж ярьжээ.
14 жил засагласан эрх баригч Консерватив нам 119 суудал авч байгаа нь 1906 оноос хойш Нийтийн танхимд хамгийн бага суудал авсан тохиолдол болж байна.
Консерватив намын засаглалын хугацаанд Британид амьжиргааны өртөг өсөж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хумигдаж, цагаачлалын хэт их урсгал бий болж, Европын холбооноос гарсны дараах хямралаас гарч чадахгүй байгаа нь ард түмэн сонголтоо өөрчлөхөд гол нөлөө үзүүллээ гэж ажиглагчид үзэж байна.
Эрх баригч Консерватив намын дарга Риши Сунак ялагдлаа хүлээн зөвшөөрч, огцорч байгаагаа мэдэгдлээ.
ИБУИНХУ-ын Ерөнхий сайд асан Риши Сунак "Юуны түрүүнд уучлаарай. Би энэ хариуцлагатай ажилд бүх хүч чадлаа дайчлан ажиллалаа. Гэхдээ ард түмэн Британийн Засгийн газрыг өөрчлөх ёстой гэсэн тодорхой дохиог өглөө гэж ойлгож байна. Та бүхний шийдвэр бол хамгийн чухал нь. Дэлхийн хамгийн шилдэг улсын Ерөнхий сайдаар ажилласан минь нэр төрийн хэрэг юм” гэжээ.
Ирэх 5 жилд Британийн засгийн эрхийг барих Хөдөлмөрийн нам 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор нийтийн танхимд 418 суудал авч түүхэн ялалт байгуулснаар 2010 он хүртэл засгийн эрх барьж байсан юм.
Риши Сунак ИБУИНХУ-ын Ерөнхий сайд, Консерватив намын даргын албан тушаалаас огцорлоо | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.