Шууд Chart

Европын холбоо БНХАУ-ын цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн түр татвар ногдууллаа

2024-07-08 11:32:45

Европын комисс БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн түр татвар ногдуулж байгаагаа зарлалаа.

Мөрдөн шалгалтын явцад Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид төрөөс их хэмжээний татаас авч, энэ нь Европын холбооны үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хохироож, улмаар Европын цахилгаан автомашины зах зээлийг гажуудуулж байгаа нь тогтоогджээ.

Иймд тэнцвэргүй байдал, зах зээлийн шударга бус өрсөлдөөнийг засаж, залруулахын тулд түр хугацаанд татвар тогтоохоор шийдвэрлэлээ гэж Европын комиссын зүгээс мэдэгдсэн байна.

Харин Хятадын тал ашиг сонирхлоо хамгаалах бүх талын арга хэмжээг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Европын комиссоос Хятадын цахилгааны автомашинд тогтоосон 37.6 хувийн импортын түр татварыг долоодугаар сарын 5-наас эхлэн хураажээ. 

Одоогоор Европын холбоо Хятадын цахилгаан автомашинаас импортын 10 хувийн татвар хураадаг. 11 дүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд хэрэгжих энэхүү түр татварыг өмнөх 10 хувийн татвар дээр нэмж авна гэсэн үг.

Одоогоор Брюссель, Бээжин хоёр зөрчилдөөнийг яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэхээр хоёр талын худалдааны салбарынхан хэлэлцээ хийж байгаа, иймээс нийт хичнээн хувийн татвар тогтоохоо ирэх 11 дүгээр сард эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна.

Тус комисс энэ удаагийн түр татварыг Хятадын Засгийн газраас олгодог шударга бус татаасыг зогсоох зорилгоор ногдуулж байгаагаа тайлбарлажээ.

Европын холбоо Хятадын Засгийн газраас цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ их хэмжээний татаас олгож, үйлдвэрлэгчид нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, Европын зах зээлд их хэмжээгээр, хямд үнээр нийлүүлж байгаа нь Европын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хохирол учруулж байна гэж үздэг.

Энэ удаагийн түр татварын эсрэг Хятадын талаас хариу арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэж Европын холбооны худалдааны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Харин Хятадын эрх баригчид Европоос импортолж байгаа коньяк, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулахаар хэлэлцэж буй юм байна.

Бээжин зөвлөлдөх уулзалтаа шуурхайлж, цахилгаан автомашины татварын талаарх маргааныг харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрэхийг Европын холбоонд уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо БНХАУ-ын цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн түр татвар ногдууллаа   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй