БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Украинд дайн эхэлснээс хойш анх удаа худалдааны гол түнш ОХУ-д айлчлах гэж байна.
Энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох Нарендра Модигийн айлчлал Энэтхэг, Оросын хооронд Хүйтэн дайны үеэс эхэлсэн уламжлалт ойр харилцааг сэргээх зорилготой гэж ажиглагчид таамаглаж байна.
2022 оны хоёрдугаар сард Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Москвагийн худалдааны гол түнш Шинэ Делигийн ач холбогдол улам өсөж байна.
АНУ болон түүний холбоотнууд Оросын экспорт гардаг барууны гол зах зээлүүдийг хааж, хориг арга хэмжээ авснаас хойш Энэтхэг, Хятад хоёр Оросын түүхий нефтийн гол худалдан авагчид болсон юм.
Энэ оны эхний улиралд хоёр талын худалдааны эргэлт 17.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард дахин сонгогдож, 3 дахь бүрэн эрхээ эхлүүлсэн Нарендра Моди хамгийн сүүлд 2015 онд Москвад айлчилж байсан.
2015 оноос хойш Нарендра Моди Оросын Төрийн тэргүүнтэй олон улсын дээд хэмжээний уулзалтуудын хүрээнд хэд хэдэн удаа уулзаж, ихэвчлэн утсаар ярьж иржээ.
Энэ удаагийн айлчлалаар хоёр удсын харилцааны бүхий л асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр талын ашиг сонирхолд хамааралтай бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэж Энэтхэгийн Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна.
Нарендра Модигийн Засгийн газар Украинд Оросын өдөөсөн дайныг зэмлэн буруутгахаас зайлсхийж, энхийн замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дундыг баримтласан байр суурьтай байгаа. Орос, Украины дайны байдлаас шалтгаалан Энэтхэгийн гол өрсөлдөгч Хятадтай нягт хамтран ажиллах болсноор Москва, Шинэ Делийгийн түншлэлд сорилт тулгарч байна.
Нарендра Моди сая Астанад болсон ШХАБ-ын дээд уулзалтыг өнжиж, Гадаад харилцааны сайдаа илгээсэн.
Гадаад харилцааны сайд нь Оросын армийн төлөө байлдаж байгаа Энэтхэг цэргүүдээс амь үрэгдэх, олзогдох нь нэмэгдэж байгаа асуудлыг хөндөж тавьсан байна.
Энэтхэг АНУ-тай харилцаагаа ойртуулах болсон нь Оростой харилцаж ирсэн уламжлалт харилцаанд нь сорилт болж байгаа. 1990-ээд оны эхээр хуучнаар ЗХУ Энэтхэгийн армийн зэвсгийн 70 орчим хувь, агаарын хүчний 80 хувь, тэнгисийн цэргийн зэвсэг техникийн 85 хувийг нийлүүлдэг байсан. Гэвч Украины дайны нөлөөгөөр Оросын зэвсгийн нийлүүлэлт буурсан учир Энэтхэг Оросын зэвсгээс хараат байдлаа бууруулж, батлан хамгаалахын худалдан авалтаа төрөлжүүлэх зорилгоор АНУ, Израил, Франц, Италиас илүү их зэвсэг худалдан авч байна.
Энэ мэт хоёр талын харилцаа, геополитикийн өрнөл, худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлоо түлхүү хэлэлцэх болов уу гэж ажиглагчид таамаг дэвшүүлж байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Украины дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д айлчилна | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.