Германы аж үйлдвэрийн захиалга гадаадын эрэлт буурснаас шалтгаалан сүүлийн таван сар дараалан буурсан үзүүлэлттэй байна.
Тус улсын статистикийн төв газрын мэдээлснээр аж үйлдвэрийн захиалга өнгөрсөн тавдугаар сард өмнөх сараасаа 1.6 хувиар буурсан байна.
Эдийн засгийн чухал салбар аж үйлдвэрлэлийн эрэлт буурах нь эдийн засгийн өсөлтийг улам сааруулах эрсдэлтэй гэж эдийн засагчид болгоомжилж байна.
Хэдийгээр дотоодын захиалгын хэмжээ 0.5 хувиар бага зэрэг өссөн ч олон сар дараалан буурахад гадаад эрэлт 2.8 хувиар, Еврогийн бүсээс бусад улс орнуудын захиалгын хэмжээ 4.6 хувиар, Евро бүсийн захиалгын хэмжээ 0.1 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Тухайлбал, тавдугаар сард Автомашины үйлдвэрлэлийн захиалгын хэмжээ 2.9 хувиар буурсан бол бусад тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 19.2 хувиар огцом буурчээ.
Германы эрх баригчид дэлхийн худалдаа сэргэж, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эрэлт аажмаар өсөх үеэс аж үйлдвэрийн салбарын захиалгын хэмжээ тогтворжих магадлалтай гэж үзэж буй юм байна.
Орос Украинд дайн эхлүүлснээс хойш дэлхийн хэмжээнд үнийн хөөрөгдөл бий болгож, улмаар Европын хамгийн том эдийн засаг, Европын өсөлтийн гол хөшүүрэг гэгддэг Германы эдийн засгийн өсөлт сулрахад нөлөөлж байгаа, Германы эдийн засаг 2023 онд дахиад бууралттай гарсан нь үйлдвэрлэлийн салбарын уналтаас шалтгаалжээ.
Германы Засгийн газар эдийн засгийн өсөлтөө энэ онд 1.3 хувьтай байна гэж төсөөлж байсан ч энэ төсөөллөө огцом бууруулж эдийн засаг нь 0.3 хувиар өснө гэж таамаглаж байна.
Гадаадын эрэлт сул байгаагаас Германы аж үйлдвэрийн захиалга буурч байна | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.