АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа, албан ёсоор албадан гаргах гэж буй, Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэрлэсэн хэдэн зуун мянган гадаадын иргэнд өршөөл үзүүлэхээ Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Хууль бус цагаачлал нь Америкийн Нэгдсэн Улсын сонгуулийн кампанит ажлын хамгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Бүгд найрамдах намын дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг тус улсын үнэт зүйлс, амьдралын хэв маягт учирч буй гол аюулуудын нэг гэж үзэж байгааг олон нийтийн санаа бодлын талаар судалгаа хийдэг “Гэллап” хүрээлэнгээс 2023 онд явуулсан судалгаа харуулжээ. Аль намыг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа оролцогчдын 54 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 29 хувь нь үүнтэй санал нэг байна.
2024 оны 05 дугаар сарын сүүлчээр Жо Байден Америкийн Нэгдсэн Улс-Мексикийн хилээр нэвтэрч буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой тогтоол гаргасан юм. Америкийн Нэгдсэн Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол хүсэхийг хориглох боловч энэхүү арга хэмжээ өмнөд хилийн "ачаалал багасах" хүртэл хэрэгжинэ гэж гэж тэрбээр мэдэгдсэн. Ийм тогтоол гарснаар цагаачлалын албаны ажилтнууд цагаачдын оршин суух хүсэлтийг хүлээн авахгүйгээр албадан гаргах эрхтэй болжээ.
Харин энэ удаад Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан, Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст түр ажиллах зөвшөөрөл олгох замаар дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар, 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой. Энэхүү шинэ бодлого нь мөн эцэг, эх хоёрынх нь аль нэг нь Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэрлэсэн хууль бус цагаач, 21-ээс доош насны 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн эл санаачилга нь Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар ирсэн хүүхдүүдийг албадан гаргах хугацааг хойшлуулах тухай Барак Обамагийн санаачилсан хөтөлбөрийн дараа орох цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа ажээ.
Хүүхэд байхдаа Америкийн Нэгдсэн Улсад ирсэн 530 мянга гаруй цагаачийг албадан гаргахаас хамгаалсан тогтоол гарсны 12 жилийн ой энэ жил тохиож байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Хагас сая гадаадын иргэн АНУ-ын иргэншил авах боломжтой болжээ | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.