Шууд Chart

НАТО-гийн жил тутмын дээд түвшний уулзалт Вашингтонд болж байна

2024-07-10 10:20:21

Дэлхийн хамгийн том цэргийн эвсэл НАТО үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний уулзалтыг энэ жил АНУ даргалж, Вашингтон хотноо хүлээн авч зохион байгуулж байна.

Украины асуудлыг голлон хэлэлцэж, цэргийн, сургалт бэлтгэлжилтийн болон логистикийн бодит дэмжлэг үзүүлэх, тэр дундаа Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системийг бэхжүүлэх шийдвэр гаргахаар зорьж байгаа НАТО-гийн дээд түвшний уулзалтад гишүүн 32 улсаас гадна Энэтхэг-Номхон далайн бүсийн холбоотон дөрвөн орны удирдагч оролцох гэж байна.

АНУ, Хятадын хооронд сөргөлдөөнт байдал хурцдахын хэрээр аюулгүй байдлын нийтлэг асуудлуудтай энэ улс орнууд хоорондын харилцаагаа улам бэхжүүлэх хүрээндээ кибер аюулгүй байдал зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хэвлэлүүд онцолж мэдээлж байна.

Тодруулбал, НАТО-гийн энэ дээд уулзалтад Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон, Австралиас Ерөнхий сайдын орлогчийн түвшинд оролцох юм байна.

Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээгээр, уулзалтын үеэр НАТО, Энэтхэг-Номхон далайн холбоотон 4 улстай кибер халдлагууд, хуурамч мэдээлэл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ тутам үүсэн бий болж байгаа технологи зэрэгтэй холбоотой үүсэж байгаа аюул заналын эсрэг хамтран тэмцэх чиглэл дэх холбоо харилцаа, чадавхиа нэмэгдүүлэхээр тусгасан баримт бичиг батлах юм байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн хувьд Орос, Хятад улсын өнөөгийн үйл ажиллагаатай холбоотойгоор Европыг Азиас салгаж ойлгох аргагүй учир НАТО-той холбоо харилцаагаа бэхжүүлэх нь Япон улсын эргэн тойрны энх тайван, аюулгүй байдалд дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль харин НАТО-гийн дээд уулзалтад Орос, Умард Солонгосын хоорондох цэргийн хамтын ажиллагаатай холбоотой хатуу байр суурь илэрхийлж, НАТО эвсэл болон Энэтхэг-Номхон далайн бүсийн холбоотон орнууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замуудыг хэлэлцэнэ гэж Үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөхийн орлогч Ким Тэ Хе мэдээлжээ.

Тэгвэл НАТО ийнхүү Энэтхэг-Номхон далайн бүсэд холбоо харилцаагаа гүнзгийрүүлж байгаад Бээжингийн зүгээс "хилэгнэсэн" байр суурь илэрхийлсэн байна.

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лин Жиан батлан хамгаалах бүсээсээ хальж, эрх хүрээгээ хэтрүүлэн тэлж, зөрчил сөргөлдөөн үүсгэж байгаад НАТО-г буруутгажээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон одоогийн уулзалт хэлэлцүүлэг дүрэм журамд суурилсан тогтолцоог дэмжих хамтын хүчин чармайлтад гол төвлөрнө гэж мэдэгджээ.

Энэтхэг Номхон далай дахь түншлэлээр НАТО энэ бүс нутагт шууд тоглогч болохгүй боловч санаа зовоосон нийтлэг асуудлуудаар холбоотон 4 оронтой үйл ажиллагаагаа уялдуулах боломж бүрдэнэ гэж АНУ-ын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн Хятад, Зүүн Азийн бодлогын Ахлах судлаач Мирна Галич бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн жил тутмын дээд түвшний уулзалт Вашингтонд болж байна   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй