Шууд Chart

Гүрж улсын Европын холбоонд элсэх үйл явцыг зогсоожээ

2024-07-10 10:50:25

Гүрж улсад өнгөрсөн тавдугаар сард батлагдсан гадны агентуудын тухай хуультай холбоотойгоор Европын холбооны тус улстай харилцах харилцаа ээдрээтэй болсон.

Улмаар Гүржийг Европын холбоонд элсүүлэх үйл явцыг зогсоож, Засгийн газарт нь олгодог санхүүжилтүүдийг танахаар болсон талаар Гүрж дэх Европын холбооны Элчин сайд Павел Герчинский мэдээлсэн байна.

Тухайлбал, Европын Холбооноос Гүржийн батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 30 сая еврогийн санхүүжилтийг царцаах болсныг Гүржид суугаа Европын холбооны Элчин сайд мэдээлсэн байна.

Мөн тэрбээр "Энэ бол зөвхөн эхний шатны алхам. Гүржид батлагдсан “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай хууль” бол илэрхий ухралт болсон. Өрнөдийн эсрэг, Европын эсрэг ийм байр суурь нь Европын холбоонд элсэх тус улсын тунхагладаг зорилготой огтоос авцалдахгүй. Гүржийн Засгийн газрын бодлого, байр суурь Европын холбооны удирдагчдад ойлгомжгүй байгаа учраас цаашдаа Холбооны зүгээс Гүржийн Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарт үзүүлэх дэмжлэг багасаж таарна” гэж ярьжээ.

Гүрж улс Европын холбоонд элсэхээр нэр дэвшигч орны статустай. Гүржид батлагдсан Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай хуулиар санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас бүрдүүлдэг ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд заавал бүртгэлд хамрагдах, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах ёстой болсон.

Гүржид энэ хуулийн хэлэлцэгдэх үеэр өнгөрсөн жил болон энэ жилийн туршид хүчтэй эсэргүүцлийн ажиллагаанууд дэгдэж, Ерөнхийлөгч Саломе Зурабишвили уг хуулийг Оросын ижил төрлийн хуультай агаар нэг, нийт Европын стандарттай зөрчилдөж, Гүржийн Үндсэн хуульд харшилсан хэмээн эсэргүүцэн хориг тавьсан. Гэвч Гүржийн парламент хоригийг үл хэрэгсжээ.

Европын холбооны Элчин сайд улмаар энэ 10 дугаар сард Гүржид болох парламентын сонгуулийн дүнд бүрэлдэх шинэ засаг Европын холбоонд элсэх чиглэлд үйл ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Өвөр Кавказын энэ улсад ирэх 10 дугаар сарын 26-нд парламентын сонгууль болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүрж улсын Европын холбоонд элсэх үйл явцыг зогсоожээ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй