Шууд Chart

2030 онд БНЭУ, ОХУ хоорондын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэхээр тохирчээ

2024-07-11 13:06:02

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Москвад хийсэн хоёр өдрийн айлчлал өндөрлөжээ.

Орос-Украины дайн, Энэтхэгийн хөлсний цэргүүд болон хоёр улсын худалдааны харилцааг хэлэлцсэн энэ айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд талуудыг яриа хэлэлцээнд уриалж, энэ чиглэлд тус дөхөм үзүүлэх амлалт өгсөн байна.

Мөн Оросын армид алба хааж байгаа бүх энэтхэг хүмүүсийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх амлалтыг Оросын талаас өгчээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ Нарендра Моди дайн шийдэл биш гэдгийг онцолж, бөмбөгдөлт, пуужин, буу зэвсэглэлээр энх тайван тогтоох боломжгүй гэж мэдэгджээ.

Владимир Путин хариуд нь Нарендра Моди Ерөнхий сайдыг Украины хямралд гарц шийдэл олохыг хичээж байгаад талархлаа илэрхийлсэн байна. Гэхдээ яг ямар гарц санал болгосон тухайд дэлгэрүүлж яриагүй байна.

Түүхэн гурав дахь удаагийн бүрэн эрхээ хүлээж авсаар бэлгэдлийн хувьд чухал ач холбогдолтой анхны гадаад айлчлалаа Москвад хийсэн Нарендра Моди, Владимир Путин нарын хэлэлцээний ихэнх үр дүн “хаалттай” хэвээр үлдсэнийг өрнөдийн хэвлэлүүд тэмдэглэж байна.

Энэтхэг улс Украины дайны асуудлаар Оросыг ил шүүмжлэхээс түдгэлзэж өрнөдийн хориг арга хэмжээнд өртсөн Оростой худалдаагаа улам нэмэгдүүлснээр Оросын нефтийн хамгийн том худалдан авагч орон болсон.

Өнгөрсөн онд л гэхэд хоёр улсын хоорондын нийт худалдаа 66 хувиар өсжээ. Улмаар худалдааны хэмжээг одоогийн 65 тэрбумаас 2030 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэнэ гэдгээ хоёр удирдагч хэлэлцээнийхээ төгсгөлд мэдэгдсэн байна.

Энэ хүрээнд талууд илүү ойр нягт хамтран ажиллах 9 салбарыг тодорхойлсны дотор цөмийн эрчим хүч, батлан хамгаалах зонхилох төлөвтэй байна.

Мөн энэ үеэр Нарендра Моди Ерөнхий сайд “Төөрөгдөлд автаж, Оросын зэвсэгт хүчинд элссэн” энэтхэгчүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх асуудлыг хөндөж, Кремль энэ талд хамтарч ажиллахаа амласныг Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын Нэгдүгээр орлогч Винай Кватра мэдээлсэн байна.

Энэтхэгийн эрх баригчид энэ оны гуравдугаар сард амьжиргааны түвшин доогуур энэтхэг иргэдийг ажилд оруулах нэрээр Орос руу аваачиж, армид илгээдэг томоохон сүлжээг илрүүлсэн тухайгаа мэдээлж байсан.

Тэдний ар гэрийнхэн мөн Энэтхэгийн Засгийн газраасаа хөвгүүдийг нь буцаан авчрахыг хүсэж ханджээ.

Одоогийн байдлаар Оросын зэвсэгт хүчинд 35-50 орчим тооны энэтхэгчүүд алба хашиж байснаас 10 нь хэдийн нутаг буцсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2030 онд БНЭУ, ОХУ хоорондын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэхээр тохирчээ  
Үзсэн: 5498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй