Оросын нүүрс экспортлогчид Умард Солонгосоор дамжуулан Хятад руу нийлүүлэлт хийж эхэлжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар энэ оны 4-5 дугаар сард Умард Солонгосын Ражин боомтоор дамжуулж Оросоос Хятад руу 132 мянган тонн нүүрс экспортлосон байна.
Орос-Умард Солонгосын хилийн Хасан-Ражин боомтоор дамжуулж энэ тээвэрлэлтийг хийж буй юм байна.
Дээрх хэвлэлд мэдээлснээр бол үүнээс өмнө нь хамгийн сүүлд 2021 оны эхний улиралд Оросоос Умард Солонгос руу тээвэрлэлт хийсэн тухай мэдээлэл ил тавигдаж байсан.
Тухайн үед Оросоос Умард Солонгос руу 836.7 мянган ам.долларын өртөг бүхий 15 мянган тонн түлшийг төмөр замаар тээвэрлэн хүргэдэг байжээ.
Харин тэр цагаас хойш энэ талын албан статистик нийтлэгдэж байгаагүйг “Коммерсант” тэмдэглэжээ.
Үүнээс өмнө 2011-2017 оны хооронд энэ маршрутаар Умард Солонгос руу Оросоос нүүрс идэвхтэй нийлүүлдэг байжээ. Гэвч Пхеньяны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээнд өртөхөөс болгоомжилж Оросын олонх бизнес эрхлэгч Хасан-Ражин боомтыг ашиглахаас зайлсхийх болсон талаар 2019 онд Ардчилсан Солонгос дахь Оросын Элчин сайд Александр Мацегора мэдэгдэж байсныг "The Moscow Times"-д дурдсан байна.
Тэгвэл Умард Солонгосын энэ маршрут одоогоор Алс Дорнодын боомтууд руу хүрэх төмөр замын тээвэр харилцаан дахь хязгаарлалтаас зайлсхийж Хятад руу хуурай замын экспортоо нэмэгдүүлэх боломжийг Оросын нүүрсний компаниудад олгодог байна.
Тухайлбал, энэ оны 1-5 дугаар сард хилийн боомтуудаар экспортод гаргах зориулалттай 7.6 сая орчим тонн нүүрс гарсан нь жилийн өмнөхөөс 2.7 саяар нэмэгдсэн дүн болжээ.
Улмаар Оросоос Хятад руу жилд гаргадаг нүүрсэн дээр нэмэлтээр 2.3 сая тонныг Умард Солонгосоор дамжуулж худалдаж байгаа гэж мэдээлж байна.
Үүний зэрэгцээ Орос-Умард Солонгосын хоорондын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжиж байгааг зэмлэн буруутгасан байр суурийг АНУ, Өмнөд Солонгос, Япон улсын зүгээс сүүлийн үед илэрхийлж байгаа юм.
ОХУ БНАСАУ-аар дамжуулан БНХАУ-д нүүрс нийлүүлэлтээ сэргээжээ | ||
Үзсэн: 11216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.