Шууд Chart

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлшгүй

2014-09-01 13:53:47

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. УИХ-ын дарга нээлтийн арга хэмжээнд оролцож, оюутан залууст хандан хэлсэн үгэндээ, аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженергүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл та бүхний боловсролд онцгой анхаарал хандуулж байдаг. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ хэмээн хэллээ. Ийнхүү УИХ-ын дарга оюутан сурагч, багш ажилчдад амжилт хүссэний зэрэгцээ тус сургуулийн Сантехникийн дадлагын газар, Барилгын мэргэжлийн газар, Токарийн дадлагын газруудаар орж, сургалтад ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд Токарын дадлагын газартай танилцах үеэрээ шинээр нэвтрүүлсэн компьютерийн удирдлагатай токарийн машинаар (CNC) деталийг дөрвөн минутад зорж үзүүллээ.
 
УИХ-ын даргын зочлон очсон Барилгын Политехник коллеж нь анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1960 онд дөрвөн салбар, 540 оюутантай Барилгын техникум болж өргөжжээ. Барилгын Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг байна.
 
Байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20.000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлшгүй  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй