Маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан маргааш манай улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр нэгдүгээр зэргийн хамгаалалт хийгдэх бөгөөд хамгаалалтад Төрийн тусгай хамгаалалтын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн 2000 гаруй ажилтан, албан хаагчид болон эмнэлгийн байгууллагууд хамтарч ажиллах аж. Үүнээс гадна ОХУ-ын хамгаалалтын ажилтнууд мөн хамтарч ажиллах ажээ.
Айлчлалын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд аюулгүй байдлын үүднээс тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах юм. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал хагас өдрийн хугацаатай. Өглөөний 09:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэх юм байна.
Урьдчилсан байдлаар хөдөлгөөний хязгаарлалтыг өглөөний 09:00 цагаас 12:00 цаг хүртэл Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Чингисийн талбай, Төрийн ордон хүртэлх замыг хаах аж. Харин өдөр 15:00 цагаас Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Жуковын музей хүртэлх замыг хаах юм. Түүнчлэн оройн 20:00 цаг хүртэл "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх замыг хаах ажээ. Мөн айлчлалтай холбогдуулан зам дагуу баригдаж байгаа барилгын ажлуудыг түр зогсоох юм байна.
Өндөр зэрэглэлийн хамгаалалтын үед авто хөдөлгөөн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хаах шаардлага гардаг учраас иргэд бухимдалгүйгээр, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг энэ үеэр ЦЕГ-аас сануулсан юм.
Түүнчлэн энэхүү айлчлалын үеэр иргэд, зорчигчид онцын шаардлагагүй бол хөдөлгөөн хязгаарлах эдгээр бүс рүү зорчихгүй байхыг анхаарууллаа.
В.Путины айлчлалтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 2027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.