Шууд Chart

ЦЕГ-ын ажилчдын халаа сэлгээ С.Баатаржав даргатай хамаагүй гэв

2014-09-02 15:59:09

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсон. ЦЕГ-ын дарга өөрчлөгдсөнөөс болж Г.Сарангэрэлийн асуудалд нэр холбогдож байсан цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халж эхэлсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн юм.

Бидэнд өгсөн мэдээллээр ЦЕГ-ын даргын холбогдох тушаалаар байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оржээ.
 
Цагдаагийн байгууллагуудын бүтэц нь газар,  хэлтэс, тасаг гэсэн зохион байгуулалттай байх эрхзүйн орчинтой хэдий ч өмнө нь манайд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар дотор дахин Эрүүгийн болон Мөрдөн байцаах газар хамаардаг байсан аж. Тиймээс уг бүтцийг өөрчилж холбогдох албан тушаалтнуудыг нь томилсон ажээ.
 
Үүний дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор хурандаа Д.Энхбаярыг томилсон байна.
 
Гэхдээ уг томилгоо нь хууль бус үйлдэл биш бөгөөд ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж шийдсэн гэлээ. Тодруулбал, С.Баатаржав даргыг томилогдохоос өмнө ЦЕГ дээр албан шалгалт хийгдэж байсан бөгөөд уг шалгалтын үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдээд ёс зүйн болон албандаа хариуцлагагүй хандсан алба хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөх болон торгох арга хэмжээг авсан ажээ.
 
ЦЕГ-аас дээрх ажилтнуудыг ТЕГ-т шалгуулахаар өгсөн гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл байна гэдгийг мөн хэлсэн юм. Түүнчлэн энэ асуудал бол зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг улс төрийн зорилготой, ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржавтай холбоотой асуудал биш харин аль ч байгууллага дээр хийгддэг хариуцлага алдсан албан тушаалтанд хийгддэг жирийн л нэг томилгоо гэдгийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

ЦЕГ-ын ажилчдын халаа сэлгээ С.Баатаржав даргатай хамаагүй гэв   
Үзсэн: 1992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй