Шууд Chart

Далайд гарах гарц нь хөрөнгө оруулагчид мөн үү

2014-09-04 17:14:17

Есдүгээр сар гарснаар бизнес, эдийн засгийн салбар хөл хөдөлгөөнтэй байна. Сүүлийн өдрүүдэд манай улсад хөрөнгө оруулалтын чуулга уулзалт шил шилээ даран ойр ойрхон зохион байгуулагдав. Хоёр өдрийн өмнө “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулган болж өндөрлөcөн бол, өнөөдөр 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулалтын чуулган Монголын Хүүхдийн ордонд  болж байна. Энэ чуулган хэд хэдэн онцлогтой. Тодруулбал, тус чуулган гурван шатны байгууллагын оролцоотой зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дэмжлэгтэйгээр, мэргэжлийн ассоциаци, хувийн хэвшлийн төлөөллүүд гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах зорилгоор хамтран ажиллаж байна.
Чуулганыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат нээж, хурал даргалах үүрэг гүйцэтгэж байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэх байсан боловч “Засгийн газрын хуралтай” гэх шалтгаанаар хүрэлцэн ирж амжаагүй юм. Энэ удаагийн “Дисковер Монголиа-2014” нь “Welcome back” буюу “Эргэн тавтай морил” уриан дор зохион байгуулагдаж байгаа нь хөрөнгө оруулахаас татгалзсан гадны экспертүүдэд хандсан агуулгатай юм. Учир нь өнгөрсөн жилийн чуулга уулзалтад манай улсын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын тааруу үнэлгээг авсан. Харин энэ удаад хууль эрхзүйн орчноо сайжруулаад дахин урьж, ямархуу таатай орчин бүрдүүлж чадсанаа тэдэнд илүү их сурталчлахад гол анхаарлаа хандуулж байлаа. Энэ нь ч ортой юм. Өнгөрсөн хугацаанд Газрын тосны тухай хууль л гэхэд үндсэндээ шинэчлэгдэж, Эрдэс баялгийн эрхзүйн орчны шинэтгэл, Байгалийн нөөц ашигласантай холбоотой татварын орчин зэрэг гадныханд “чанга” хуулиудын ихэнхийг нь өнгөрсөн хугацаанд өөрчлөн найруулсан юм. Эдгээрийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн дарга Н.Алагаа нар илүү дэлгэрэнгүй тайлбарлав.
“Эм Ай Би Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нар хөрөнгө оруулалтын орчны судалгаа, уул уурхайн төсөл болон төрийн оролцоо зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлснээр үндсэн илтгэл дууссан юм. Дараа нь “Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах гурван талт тунхаг бичигт талууд гарын үсэг зурлаа. Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, мэргэжлийн байгууллагаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн дарга Н.Алагаа, Монголын байгаль орчны иргэний нийгмийг төлөөлж Дамдинсүрэн нар тунхагт гарын үсэг зурсан юм. 
Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах гурван талт тунхаг бичиг нь байгаль орчинд ээлтэй ашигт малтмалын олборлолт, хайгуул болон хариуцлагатай, эзэнтэй уул уурхай болж хөгжихөд зориулсан санамж бичиг боллоо. Үдээс хойш нүүрсний экспортын өнөөгийн байдал, Монголын экспортын нүүрсний өрсөлдөх чадвар, үнэ, зардлын талаар илтгэлүүд хэлэлцсэн юм. Уул уурхайн яамны Түлшний бодлогын газрын дарга Л.Раднаасүрэн “Өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбоотой нүүрсний экспортыг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн. Далайд гарц бий болгон дараа дараагийн хүлээн авагч орнуудад нүүрс гаргах боломж бүрдээд байгаа”-г онцлож байв. 
“Дисковер Монголиа-2014”-ийн ерөнхий менежер П.Энхжингээс энэ жилийн чуулганы талаар тодруулахад, “Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” хамрах хүрээний хувьд 2012, 2013 оны зохион байгуулалтаас оролцогчдын тоогоороо төдийлөн их байж чадсангүй. Шинэ хөрөнгө оруулагч гэхээр гаднын эксперт бараг ирээгүй гэж хэлэхэд болно. Харин хуучин хөрөнгө оруулагчид идэвхжсэн нь харагдаж байна. Цаашид хөрөнгө оруулалтын чанар илүү сайжрах төлөв ажиглагдлаа” гэсэн юм. 
“Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт үргэлжлүүлэн “Алтны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцэнэ. Маргааш Геологи, хайгуулын салбарынхныг оролцуулан хуралдах ба Уул уурхайн төслийн санхүүжилтийн асуудлаар эцэслэн хэлэлцээд дүгнэх юм. Уншигч та бүхэнд маргааш үргэлжлэх “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтын эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг хүргэх болно. 
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Далайд гарах гарц нь хөрөнгө оруулагчид мөн үү  
Үзсэн: 2378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-09-04 21:13
teneg yumnuud.

Бидэнтэй нэгдээрэй