Шууд Chart

Монголд “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл тоглоно

2024-10-16 16:31:53

Одоогоос яг 12 жилийн өмнө дэлхийн шилдгийн шилдэг 4 Оскар, 15 Грэмми, 3 Тони, 6 Эмми-гийн шагналтан уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Loving the silent tears" буюу “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл анх АНУ-ын Лос Анжелес хотын алдарт Шрайн Аудиториумд нээлтээ хийж, ганцхан удаа тавигдахдаа дэлхийн үзэгчдийн сонирхлыг татсан юм.

Энэхүү мюзиклийг Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч, оюун санааны удирдагч Төгс Гэгээрсэн Их багш Чин Хайн “Аниргүй нулимс” яруу найргийн номоос сэдэвлэн бүтээжээ.

Тавигдсан цагаасаа хойш хүмүүсийн анхаарлыг татсан энэ мюзикл дэлхийн олон улс орны үзэгчдэд телевизийн дэлгэцээр хүрч байсан бол 12 жилийн дараа Монгол Улсад шинэчилсэн найруулгаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар тавигдах гэж байна.

Энэхүү мюзиклийг тайзан дээр амилуулах албан ёсны эрхийг авсан анхны улс Монгол боллоо.

Тус мюзиклийг бүтээсэн шилдгүүдээс дурдахад, зөвхөн хөгжмийн зохиолч найруулагчаар нь ажилласан Аргентины хөгжмийн зохиолч Жорж Каландрилын хувьд Майкл Жексон, Мадонна, Барбра Страйзенд, Селин Дион, Элтон Жон, Лэди Гага, Жон Лэжэнд гэхчлэн алдарт дуучдын уран бүтээлийн хөгжмийг бичсэн Грэммийн 6 удаагийн шагналтан байна.

"Аниргүй нулимсыг хайрлахуй" мюзикл их далайг гатлан, олон бээр газрыг туулан цаг хугацааны хязгааргүй орчилд, оюун санааны дотоод амар амгалангаа хайж буй хүний аяллын тухай юм.

Энэ аялал 16 орны соёл, ёс заншил, уламжлалын онцлогийг дуу хөгжим, бүжгээр уран яруу гүн гүнзгий төгс илэрхийлэхдээ театрын урлагийн гайхамшигтай хослуулсан онцгой бүтээл юм.

Мюзикл энэ сарын 21, 22-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.


Монголд “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл тоглоно  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй