Шууд Chart

Хөрөнгө оруулагчдад бодох хугацаа өгнө

2014-09-05 16:50:54

Уул уурхайн хөрөнгө оруулалтын “Дисковер Монголиа-2014” чуулган хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр амжилттай өндөрлөлөө. Чуулга уулзалтын зохион байгуулалтын даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат ажиллаж,  Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, мэргэжлийн Уул уурхайн үндэсний ассоциаци болон Уул уурхайн яам,  хувийн хэвшлийн компанийн төлөөлөлтэйгээр хамтран зохион байгуулав. Энэ жилийн чуулга уулзалтад Австрали, Канад, Малайз, БНХАУ, Хонгконгийн хөрөнгө оруулагчид түлхүү оролцсон юм. 

2011 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурч, ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ одоо долоон хувьтай тэнцэж буурсан үзүүлэлттэй байна. Чуулган эдийн засгийн хямралтай үед зохион байгуулагдсан ч багагүй амжилттай болсон гэж оролцогчид дүгнэлээ.
Хөрөнгө оруулалтын алхмууд цухалзаж эхэлсэн гэж эдийн засагчид ярьж байна. Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт ид цэцэглэж асан 2011 он хүртэлх үеийг эс тооцвол энэ жил барууны бус, Азийн хөрөнгө оруулагчид Монгол руу илүү анхаарал харуулсан нь онцлог юм. Хамгийн их ач холбогдол өгч байгаа нь БНХАУ-ын пүүсүүд байв. Гэвч чих сортойлгох нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч болох “Англо-Американ” компани байлаа.
“Англо-Американ” компанийн хувьд Монголд суурин төлөөлөгчийн газраа нээж, судалгааны шатандаа ажиллаж байгаа гэж хэлэхэд болно. Тэд хөрөнгө оруулалт хийх “бай”-гаа хараахан олоогүй ч Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, төслүүдийг танилцуулдаг “Дисковер Монголиа”-тай хоёр дахь жилдээ ойр байж, алтан ивээн тэтгэгчээр оролцоод байгаа нь энэ юм. Нөгөө талаар “Англо-Американ”-ий үүрэг нь төсөл боловсруулагчдын анхаарлыг татах, бусад хөрөнгө оруулагчдыг “Дисковер Монголиа”-д хандуулахад чиглэж буй мэт ажиглагдсан. “Англо-Американ”-ий Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ерөнхийлөгч Грэм Хэнкок “Өнгөрсөн жилээс эхлэн хууль эрхзүйн орчноо хөрөнгө оруулагчдад илүү таатай байдлаар тусгаж өөрчилсөн гэж бодож байна. Бодитойгоос хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг 9-12 жил болгож сунгасан нь их чухал хэрэг боллоо” гэж ярив.
Гэхдээ хөрөнгө оруулагчдад таатай эрхзүйн орчин бүрдүүлж байгаа ч тэдний эргэлзээ “Дахиад хууль өөрчлөгдчих юм биш байгаа” гэсэн болгоомжлол дээр тогтож байна. Учир нь хөрөнгө оруулагчдад түргэн хугацаанд их ашиг олох гэхээсээ илүү удаан хугацаанд бага ч хамаагүй тогтвортой ашиг олдог хууль эрхзүйн орчин л хамгаас чухал байдаг аж.
“Дисковер Монголиа” чуулган зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа л хүрээ нь жил бүр өргөжин тэлж, Зүүн Азийн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээнд тооцогддог болсон юм. Харин сүүлийн жилүүдэд оролцогч нь цөөрч, урьдын адил ач холбогдолтой болж чадахгүй байгаа нь эрхзүйн орчны тогтворгүй байдал, гэнэтийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл алдарсанд оршино.  
Тиймээс “Энэ удаагийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалт оролцогч цөөтэй, ач холбогдол багатай байх сүүлчийн уулзалт болно гэж найдаж байна” хэмээн төлөөлөгчид чуулганы үеэр онцлож байлаа. Нөгөөтэйгүүр бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн гэдгээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан учир одоо хүлээх л үлдэж байна. 
“Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтад Монголын уул уурхайн асосиацийн дарга Н.Алгаа “2006 оны хуулиар тусгай зөвшөөрлүүдийг цуцласан нь хөрөнгө оруулагчдыг буух хөрсгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар алдаагаа засаж маргаантай байгаа дуулиант 106 лицензийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний итгэлийг эргүүлэн олох чухал оролдлого болсон” гэдгийг илтгэлдээ дурдсан.
Харин чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга П.Очирбат “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн явдал боллоо. БНХАУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манайх Хятадын найман боомтод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болсон. Үндсэндээ далайд гарцтай боллоо гэсэн үг. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч транзит тээврийг гурван улс хамтран шийдье гэсэн санал гаргасан. Ингэснээр бид таатай хуулийн нөхцөлтэй болсноос гадна далайд гарцтай болох боломж үүсч байна. Мөн тээврийн асуудлаа шийдсэн учир гадаадын хөрөнгө оруулалт наашлах хандлагатай болно” гэсэн юм.
“Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарын эрх зүйн орчин, алт болон нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын урсгал, шийдэл, геологи, хайгуулын эрх зүйн орчин гээд хөндлөнгийн экспертүүдийн хөрөнгө оруулж болох бүхий л боломжийн талаар мэдээлэл сонссон. Энэ жилийн “Дисковер Монголиа”-д нэлээн агуулга сайтай мэдээллүүд хийгдсэн гэж чуулганд оролцогчид ярьж байлаа.
 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хөрөнгө оруулагчдад бодох хугацаа өгнө   
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй