Шууд Chart

АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөхтэй уулзав

2014-09-08 09:30:31

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Пайпер Анн Камбэл болон АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөх, хатагтай Жудит Хьюмантай нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Хадагтай Жудит Хьюман Хөдөлмөрийн сайдад эх орондоо урьсан явдалд талархал илэрхийлээд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сургалтын орчин, хууль эрхзүйн орчин хэрхэн хөгжсөн зэргийн сонирхож, АНУ-ын туршлагаас хуваалцсан юм. Тухайлбал, АНУ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрээд ямар мэргэжил эзэмших, цаашид ямар зөв хүн болж төлөвшихөд ихээхэн анхаарал хандуулж, тэдэнд зориулсан тусгай сургууль байгуулсан гэлээ. Мөн сүүлийн үед Оюуны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг дурдлаа.
 
АНУ-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрүүл иргэдийнхтэй харьцуулахад даруй хоёр дахин их байгаа нь өнөөдөр ч санаа зовоосон асуудлуудын нэг байсаар байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нийт төр засгийн байгууллагууддаа хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байна. Үүний үр дүнд төр засгийн байгууллагуудад ажил эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль зүйн орчин бий болгосон гэдгийг дурдлаа.
 
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 92 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын гурван хувийг эзэлж байна. Үүнээс хөдөлмөрийн насны 74.300 иргэн байгаагаас 15.200 хүн хөдөлмөр эрхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн яамны хариуцсан чиг үүргийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр 2013”, “ХБИ-н ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2014”, “Ажил олгогчид урамшуулал үзүүлэх арга хэмжээ”, “ХБИ-г байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулах арга хэмжээнүүд” гэх мэт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн аж.
 
Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахад хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг өдөөх, ахуй амьдралаа сайжруулах, нийгэмд оруулах хувь нэмрийг нь дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оюуны бүтээлийг хөгжүүлж, дэмжих чиглэлд хамтран ажиллах, мэдээллийн технологийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөхтэй уулзав  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй