Шууд Chart

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсана

2014-09-08 15:09:07

Энэ сарын 10-ны өдөр-улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсана. Энэ өдөр зургаан  мянга орчим хүнтэй холбоотой хэрэг материалыг нягтлан шалгаж тэдгээрийг цагаатгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр цагаатгалын ажилд цэг тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Гэхдээ улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгаж дуусгахаас гадна иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь элдвээр хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг дахин давтаж гаргахгүй байх тийм орчин бүрдүүлэх нь нэн чухал байна гэдгээ УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдээд, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн зарим заалтын үйлчлэлийн хугацааг сунгах, хэлмэгдэгсдийн нийгмийн асуудалд анхаарах энэ хүрээнд нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх саналын төслөө УИХ-д өргөн бариад байгаагаа онцлон тэмдэглэв.
 
УИХ-аас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд болох 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний найман сард 34 иргэн 33 сая төгрөгийн нөхөх олговрыг авчээ.
 
19 дэх удаагаа тэмдэглэж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдөр буюу энэ сарын 10-нд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний дотор Монгол Улсын төр, засгийн тэргүүн нар, төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн хөшөөнд тус тус цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, “1932 оны бослого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх, сүм хийдэд буяны ном хуруулах, хэлмэгдэгсэдтэй уулзалт хийх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хичээл заах зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
 
Өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийхийн өмнө УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Логийн Цог хэлмэгдэгсдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр нийт 20 хэлмэгдэгч, тэдний үр хүүхдэд гэр олгох тухай батламж гардууллаа.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсана  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй