Шууд Chart

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэлжээ

2024-12-02 16:42:27

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэлжээ. Энэхүү аяныг  Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБ- ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Энэ удаагийн аяныг "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй - Шалтаг бүү тооч" уриан дор үндэсний хэмжээнд хийж байгаа аж. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг олон улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд тэмдэглэдэг. Харин манай  улс 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс анх энэ аяныг зохион байгуулсан түүхтэй юм байна.  

Өнөөдөр "Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" хэлэлцүүлэг болсон.  Уг хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, Азийн сангийн судлаач Л.Ариунзул, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн Т.Андир, Канад болон Их Британийн Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцжээ. Жендэрт суурилсан хүчирхийллийг тандах судалгааг 7-10 жилд нэг удаа шинэчилдэг. Манай улсад өмнө нь төрийн оролцоо, дэмжлэгээр эхний тандалтыг 2017 онд зохион байгуулж байсан байна. Тэгвэл Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг судлах үндэсний хэмжээний хоёр дахь судалгааг хийхэд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг илүү тодорхойлох шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолсон юм.  

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэлжээ  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй