Шууд Chart

Манай цэргийн алба хаагчид Словени улсад жендэрийн чиглэлээр мэргэшиж суралцаад иржээ

2024-12-03 12:47:25

Батлан хамгаалахын сэргэлт бодлого зорилтод НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог гурван дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэснээр дэлхийн давцанд Монгол Улсын нэр хүнд өсөж, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэн ажиллагаанд оролцсон алба хаагчдын амьжиргаа дээшилнэ. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтарсан “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төсөлд 22 цэргийн алба хаагчдаа хамруулжээ.

Бүгд Найрамдах Словени Улсад амжилттай хэрэгжсэн уг жендэрийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт нь  манай зэвсэгт хүчний алба хаагчдад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж ажиллах, зэвсэгт хүчиндээ төдийгүй эх орондоо жендэрийн тэгш байдлын давуу тал, хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, тэгш байдлыг хангахад манлайлал үзүүлэх талаар мэдлэг, чадвар олгоход чиглэсэн юм.

Сургалтыг НҮБ болон жендэрийн асуудлаар мэргэшсэн Австри, Австрали, ХБНГУ, Итали, Словени Улсын генерал, офицер, хүний эрхийн зүтгэлтнүүд, эрдэмтэн багш нар удирдан явуулжээ.

Жендэрийн мэргэшүүлэх сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Кибер, аюулгүй байдлын цэргийн командлал, Үндэсний Батлан хамгаалах Их сургууль, Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцын төлөөлөл болон Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүсийн Зэвсэгт хүчний 10 ангийн нийт 19 офицер, 3 ахлагч хамрагджээ.  Үүний 14 нь эмэгтэй, найман эрэгтэй цэргийн алба хаагчид багтаж байна. Цаашид жендэрийн тэгш байдлаар мэргэшсэн эдгээр алба хаагчдад түшиглэн НҮБ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд болоод Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хөдөлгөөнт бүлгээр сургалт явуулахаар төлөвлөөд байгаа аж.

 

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Манай цэргийн алба хаагчид Словени улсад жендэрийн чиглэлээр мэргэшиж суралцаад иржээ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй