Шууд Chart

Д.Хадбаатар:Галлагааны улирал эхэлсэн учраас гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

2024-12-05 09:14:27

Хүйтэрч, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Гал түймрийн гаралттай холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой байдлын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа  Д.Хадбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймэр гарах тохиолдол нэлээдгүй гарч байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан галлагаа нэмэгдэж байгаа. Арваннэгдүгээр сар гарснаас хойш объектын гал түймрийн дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Энэ сарын 4-ний байдлаар нийслэлийн онцгой байдлын газарт 1822 удаагийн объектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Өнгөрсөн долоон хоногт нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 52 дуудлага ирсэн. Гарч байгаа гал түймрийн ихэнх хувийг нь гэр хороолол, орон сууцны хороолол болон агуулахад гарч байна.

Гал түймэр гарч байгаа шалтгаан яндангийн цонолт, зуухны аюулгүй ажиллагаа муу, хагарсан зуух яндан хэрэглэж байгаатай холбоотой байна. Мөн халуун үнс нурмаа тагтай саван хийхгүй  ил задгай асгаж байгаатай холбоотой. Үүнээс гадна цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, цахилгаан хэрэгслийг олноор залгаснаас болж хүчдэл ихсэх зэргээс болж гал түймэр нэлээд гарч байна. Иймээс иргэд байнгын сонор сэрэмжтэй баймаар байна. Гэрээсээ гарахдаа галынхаа аюулгүй байдлаа  сайн хангаж, цахилгаан хэрэгслээ салгаж гарах хэрэгтэй. Ингэж сонор сэрэмжтэй байж, өөрийнхөө амь нас, өмч хөрөнгөө хамгаалцгаая.

Шинэ жилийн баяр ойртож байгаа учраас айл өрхүүд хүүхдийнхээ гацуурыг чимэглэж байгаа. Гацуур модны гэрэл чимэглэлийн аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөө маш сайн мөрдмөөр байна. Гацуур моднууд ихэвчлэн шаталтын дэмжсэн материалаар хийгдсэн байдаг. Өөрөөсөө гэрэлтэй, гэрэл нь чимэглэлээр чимэглэдэг ч байгаа. Иймээс гэрэл чимэглэлтэй гацуур модыг байнга  асаалтай байлгаж болохгүй.

Тогтмол хараа хяналттай байх хэрэгтэй. Гацуураа жилийн дараа гаргаж байгаа учраас гэрэл чимэглэлд нь цахилгааны доголдол байна уу үгүй гэдгийг сайн шалгаж үзсэний дараа тавих хэрэглэх хэрэгтэй .Мөн шилэн тоглоомыг бага насны хүүхэд амандаа хийж, гэмтэж бэртэхээс сэргийлэх хэрэгтэй байна. Мөн лаа, камин зуух  гэх зэрэг гал гарч болох зүйлсийг  гацуур модноос хол байрлуулж аюулгүй байдлаа бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

-Гал түймрийн улмаас гарч байгаа хохирлын хэмжээ нь ямар байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймэр өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 17.3 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Гарч буй гал түймрээс иргэд аж ахуйн нэгжийн байгууллагын 290 орчим сая төгрөгийн өмч хөрөнгийг  авран хамгаалсан.

-Гал түймрийн дуудлага мэдээллийн үед түгжрэлээс болж цаг алдаж очих, орц гарцаас болж аврах ажиллагаа удааширах тохиолдол хэр гарч байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймрийн 25 хувь нь орон сууцны хороололд гарсан гал түймэр эзэлдэг. Орон сууцанд гарсан гал түймэр хамгийн аюултай олон хүнийг хамрах эрсдэлтэй. Нийслэлийн онцгой байдлын газраас Монгол сууц өмчлөгчийн холбоотой хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд байгаа ес дээш давхрын барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээгээр хамгийн их түгээмэл гарсан зөрчил нь байрны хаалт байсан.

Тусгай зориулалтын 101, 102, 103 автомашинууд ороход маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Тэр дундаа шөнийн цагаар орон сууцны хороололд дуудлагаар очихоор галын машины зогсоох зогсоолын асуудал нэлээд хүндрэлтэй.  Орон сууцны зогсоолдоо машинаа замбараагүй тавьчихсан. Галын машин орох боломжгүй байдаг.

Иймээс энэ нөхцөл байдлыг сайжруулахаар орон сууцын СӨХ-ийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.Зарим санаачилгатай СӨХ-үүд байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XI хорооны “Тохилго хангай” СӨХ зогсоолын хаалтууд нь автомашины дугаар таньж онгойдог. Онцгой байдлын албаны галын машины дугаарыг суулгачихсан. Очихоор шууд автоматаар онгойдог. Мөн тусгай зогсоол бэлдээд анхааруулах самбар байршуулсан байдаг. Энэ зогсоолд зөвхөн тусгай зориулалтын 101,102,103 автомашин зогсоно. Харин хувь хүн машинаа тавьсан байвал ачлагын машин дуудаж ачуулна. Энэ мэт сайн туршлагыг нэвтрүүлж байгаа газрууд бий.

-Гэр хороолол болон орон сууцны хороололд гал их гардаг гэж байна. Гол шалтгаан юу байна вэ?

Нийслэлийн онцгой байдал газар дүүргийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар орон сууцны хорооллоор үзлэг шалгалтыг хоёр сарын хугацаанд явуулсан. Гарч байгаа нийтлэг зөрчил нь галын хор дутмаг, аваарын зам гарцууд хаалттай байсан. Эдгээр зөрчил дээр хугацаатай даалгавар өгч ажиллаж байна. Орон сууцны хороололд зонхилон гардаг шалтгааныг судалж үзсэн. Хогийн сувагт, орцонд тамхи их татаад галын унтраахгүй хаядаг. Мөн цонхныхоо тагтан дээр тамхи татчихаад унтраахгүй хаяснаас болж доод айлд нь гал гарч байна. Иймээс иргэд маш сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээд гарч байгаа гал түймрийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийдэг. Гарч байгаа гал түймрийн 45 хувь нь гэр хороололд гарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн онцгой байдлаас галлахдаа анхаарах нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Гэр хорооллын айл өрх бүрээр үзлэг шалгалт , сэрэмжлүүлэг санамж зөвлөмжийг өгч байна. Үзлэг шалгалтаар илэрч байгаа зөрчлийг цаг тухайд арилгуулсан. Мөн дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч Сонгинохайрхан дүүргийн 33 хороонд цахилгааны өндөр эрсдэлтэй 75 айл өрхийн цахилгааны мантайж, гал хамгаалагч зэргийг сольж эрсдэлгүй болгосон. Харин орон сууцны хороололд хамтаа сэргийлье нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Хадбаатар:Галлагааны улирал эхэлсэн учраас гал түймрийн дуудлага нэмэгдэж байна  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй