Шууд Chart

Сургуулийн хоолны эвсэлд 106 улс нэгджээ

2024-12-12 09:19:24

Дэлхий нийтээр хүүхдийн хоол шим тэжээл, эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилготой “Global child nutrition forum 2024” Япон Улсын Осака хотноо болж байна. Энэхүү чуулган нь хоёр жил тутам зохион байгууллагддаг бөгөөд энэ удаагийн чуулганд 84 орны 400 гаруй оролцогч цуглаж, тэргүүлэх улс орнууд сайн туршлагаа хуваалцаж байгаа аж.

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс байгуулсан Сургуулийн хоолны эвсэлд 106 орон элсэж, 2030 он хүртэл сургуулийн хоолны хөтөлбөрийн сайжруулах чиглэлээрх амлалтаа өгчээ. Монгол Улс өнгөрсөн жил Франц Улсад болсон хурлын үеэр энэхүү эвсэлд нэгдэж, амлалтаа дэвшүүлсэн байна. Дэлхий даяар 418 сая хүүхэд сургуулийн өдрийн хоолонд хамрагдаж байгаа бөгөөд тэдний хоолны зардалд 418 тэрбум долларыг зарцуулж байна. Мөн 104 орон “Сургуулийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлж, 210 сая хүүхэд хамрагдаж байгаа аж.

 

Ковид-19 цар тахлын дараа хүүхдийн хоолны шим тэжээлийн дутал, тураал, өлсгөлөнгийн байдал нэмэгдэж, уг асуудлаас гарах хамгийн боломжит арга зам нь “Сургуулийн хоол” хөтөлбөрийг сайжруулах хэмээн тодорхойлжээ. Сургуулийн хоол нь зөвхөн боловсрол төдийгүй эрүүл мэнд, хүнс, нийгэм хамгаалал, эдийн засгийн салбарын хөгжүүлэх гол хөшүүрэг бөгөөд улс орнууд энэхүү хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг жил ирэх тутамд нэмэгдүүлж байна.

Улс орнууд өөрийн онцлогт тохирсон сургуулийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилтийг улс, орон нутаг, татварын орлого, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар шийдэж байна. Зарим тохиолдолд эцэг эхийн дэмжлэгийг авч байгаа улс орнууд ч бий.Монгол Улс цэцэрлэг, сургуулийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг бүрэн хамруулах, төсөв санхүүжилтийг олон талт хувилбараар шийдвэрлэх, бүс, орон нутгийн хөгжлийг түшиглэсэн хүүхдийн хоолны үйлчигээг хөгжүүлэх нь чухал байгаа юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Сургуулийн хоолны эвсэлд 106 улс нэгджээ  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй