![](/uploads/201409/news/thumb/9587d3b19208700c6c9abb331e1f3500_x3.jpg)
Монголын Сууц Өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 15 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд СӨХ-ны нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг нээлттэй хэлэлцүүлэгт Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Арвин, гүйцэтгэх захирал Д.Цэрэндорж болон нийслэлийн зарим дүүргийн СӨХ-ны гишүүд болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдахаар боловсруулагдаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан уг хуулийн төсөлд СӨХ, болон оршин суугчдын төлөөллийн саналыг авах зорилготойгоор уг нээллтэй хэлэлцүүлгийг мөн зохион байгуулж байгаа ажээ. Өнгөрөгч 2003 онд манай улс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөл, эд хөрөнгийн тухай хуулийн төслийг анх батлаж байсан аж.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Арвин хэлсэн үгэндээ “Монгол Улс зах зээлийн нийгэмд орсноор иргэд бүгд хувийн өмчтэй болж иргэн бүр орон сууцтай болсон. Тухайн үеэс эхлээд иргэд хувийнхаа орон сууцыг цааш нь яаж авч явах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Ингээд 2001 онд УИХ-аас Орон сууцны дундын өмчлөлийн тухай хуулийг баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Хууль хэрэгжүүлэх, өөрсдийнхөө өмчийг хамгаалахад иргэд өөрсдөө оролцохоос илүү СӨХ-д хамаг ачааллаа үүрүүлэхийг хичээдэг. Хэрэв үнэхээр СӨХ юу ч хийхгүй байгаа бол иргэд өөрсдийнхөө төлөө юу ч хийхгүй байна гэсэн үг” гэдгийг онцлосон юм.
Хэлэлцүүлэгт оролцсон СӨХ-ны зарим төлөөлөл болон оршин суугчдын төлөөлөл бүгд өөр өөрсдийн санал бодлыг хэлж байсан бөгөөд оршин суугч иргэд өөрсдөө ухамсартай байж, орчныхоо цэвэр байдалд хүн бүр санаа тавьж байх хэрэгтэй гэдэг санааг хэлж байлаа.
СӨХ-ны гишүүд нээлттэй хэлэлцэв | ||
Үзсэн: 1685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.