Шууд Chart

Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд Улаанбаатар хотод чуулна

2014-09-09 14:46:04

Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү чуулга уулзалтаар хилийн чинад дахь монголчуудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж, тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа аж.
 
Түүнчлэн, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг Британийн Монголчуудын санаачилгаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд тохиож буй 10 жилийн ойн чуулга уулзалтыг хилийн чинадад бус эх орондоо хуралдахаар төлөвлөж буйтай хамтатган, Гадаад харилцааны яам, “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.
 
Чуулга уулзалтад хилийн чинад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч оролцох юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд Улаанбаатар хотод чуулна  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй