![](/uploads/201409/news/thumb/8a1179fcd2a9667d665f54d67c0a0ed4_x3.jpg)
Өчигдөр манай цагаар 12:00-д Узбекийн нийслэл Ташкент хотын “Gemnastic palace”-д чөлөөтийн сонгомол барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ эхэлсэн.
Манай улсаас оролцсон тамирчдаас 57, 70, 86, 125 кг-ийн жинд ОУХМ Ж.Чулуунбат, Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, О.Үйтүмэн нар өчигдөр барилдсан. Тэмцээний эхний өдөр Э.Бэхбаяр мөнгө, хүрэл медалийн төлөөх барилдаанд дараалан ялагдаж, шагналт 5-р байрт орж чансааны оноогоо нэмсэн бол, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат долоодугаар байр эзэлж багтаа шагналын оноо нэмлээ.
Э.Бэхбаярын хувьд энэ жил 22 настай манай өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм. Тэрээр медалийн үзүүрээс барьж аваад алдлаа. Шүүгчдийн нөлөө орсон ч гэж хэлж болохоор барилдаан болсон нь хүрэл медалийн төлөөх барилдаанд “оноо байх” боломжтой байв. Манай чөлөөтийн хөнгөн жингүүдийн шилдэг бөхчүүд болох Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Д.Цогтбаатар нарын халааг авч Э.Бэхбаяр, Б.Номин, З.Занабазар гээд авьяаслаг бөхчүүд гарч ирж байгаа нь Ташкентийн дэвжээнээс харагдаж байна.
86 кг-ын жинд барилдсан Ж.Чулуунбатын хувьд хүнд жинд сүүлийн хэдэн жил тогтвортой барилдаж байна. Бэлтгэл хангагч олдохгүй байгаа нөхцөлд энэ хэмжээнд амжилт гаргаж байгаа нь чөлөөт бөх, их спортод үнэнч байгаагийнх нь нотолгоо боллоо.
70 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр Тажикийн бөх З.Есуповтой барилдахдаа хөлдөө оруулж оноо алдсанаар ялагдав. Тэрээр өнгөрсөн жил З.Есуповт мөн хоёрдугаар тойрогт хожигдож байсан юм.
86 кг-ын жинд О.Үйтүмэн хоёрдугаар тойрогтоо Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарч 4:11 онооны харьцаагаар ялагдлаа. Ялах бүрэн боломжтой байсан ч хийсэн мэхэндээ оноо алдаж онооны илт зөрүүтэй барилдаан дуусав. Тэрээр Тимофей Ксенидистэй өнгөрсөн жил гурван барилдаан хийснээс хоёрт нь ялсан юм.
“Ташкент 2014” чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр...
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болно. ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Э.Ням-Очир, П.Өнөрбат, Азийн аварга, ОУХМ Д.Хүдэрбулга нар барилдах юм.
61 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас ОУХМ Э.Ням-Очир нэгдүгээр тойрогтоо Словакийн бөх Микола Болотняктай таарна. Энэ бөхийг явбал хоёрдугаар тойрогт өнгөрсөн жил мөнгөн медалийн төлөө барилдаанд ялагдсан Болгарын бөх Владимир Дубов, Ираны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Масуд Исмаилпур хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт БНАСАУ, Казахстан, Турк, Японы шилдэг бөхчүүд нөгөө хэсэгт Оросын алдарт Богомоев, Азербайжан, Гүрж, Украиний бөхчүүд орсон байна.
65 кг-ын жинд 32 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Украйны бөх Титал Жафарянтай таарч хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга Дэвид Сафарян, Канадын бөх Хайслан Венарис хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт Оросын бөх Сослан Романов, Болгар, Казахстан, Энэтхэг, Японы шилдэг бөхчүүд байна. Нөгөө хэсэгт Ираны бөх, Азийн аварга Саид Ахмад Мохаммади, Пуорто-Рико улсын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Франклин Гомес, АНУ, БНАСАУ, Азербайжан, Гүржийн бөхчүүд байна.
74 кг-ын жинд 32 бөх барилдаж байгаагаас ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт Казахстаны бөх Галымзан Иссербаевтай таарчээ. Энэ бөхийг ялбал Гүржийн бөх Жумбер Захиров, Туркийн бөх Сонер Демирташ нарын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт Унгарын бөх, олимпийн болон ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Габор Хатош, Ираны бөх Азийн аварга Алиреза Афзали, болон Азербайжан, Болгар, Куба, Японы бөхчүүд байгаа бол нөгөө хэсэгт АНУ-ын бөх, дэлхийн хошой болон олимпийн аварга Жордан Баррауз, Оросын бөх, дэлхийн хошой аварга Денис Царгуш, Узбекийн бөх, ДАШТ-ий хүрэл медаль Рашид Курбанов, Украиний хүчтэй бөхчүүд байна.
97 кг-ын жинд 31 бөх барилдаж байгаагаас ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогтоо нутгийн бөх Омар Омаровтой таарчээ. Энэ бөхийг ялбал дараагийн тойрогт Казахстаны бөх Ермикамбет Инкар, Австрийн бөх Жонас Людесжер хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт Азербайжаны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт Хетаг Газюмов, АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл медальт Жейк Вагнер, Украиний бөх олимпийн мөнгөн медальт Валерий Андрейцев, Гүржийн бөх Элиебар Одиказе нар байна. Нөгөө хэсэгт Ираны бөх, дэлхийн хошой аварга Реза Яздани, Оросын бөх Абдусалам Гадисов, болон Турк, Японы шилдэг бөхчүүд байна.
“Ташкент 2014”-т дэлхийн шилдгүүд ийн барилдлаа
Тэмцээн эхлээд хоёр дахь өдрийн байдлаар Болгарын бөх, дэлхийн аварга Михаил Ганев, Пуорто-Рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Хайме Эспиналь, Унгарын бөх ДАШТ-ний хүрэл медальт Иштван Вереб нарын “томчуул” медальгүй хоцорлоо.
Харин Кубын алдарт бөх олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Ливан Лопез Азкуй ирээгүй байна.
Эхний өдрийн барилдаанд АНУ, Беларусь, БНАСАУ, Гүрж, Иран, ОХУ, Турк гээд бөхийн спорт хөгжсөн орны бөхчүүд медалиудыг хуваан авлаа. Оросууд хоёр алт, нэг хүрэл авч тэргүүлж эхэлсэн бол Иранчууд нэг мөнгө, хоёр хүрэл, туркууд тус бүр нэг алт, мөнгө, хүрэл, Беларусьчууд хоёр хүрэл медаль хүртлээ.
70 кг-ын жинд Узбекийн бөх Бекзод Абдурахманов хүрэл медаль авч үзэгчдээ баярлууллаа. Энэ жинд Оросын бөх Хетаг Цаболов, 86 кг-ын жинд Абдулрашид Садуллаев нар ДАШТ-нд анх удаа оролцсон ч тасархай түрүүлж, чөлөөт бөхийн шинэ одууд төрснийг тунхаглан зарлалаа.
Сэтгэл хөдөлгөсөн торгон мөчүүдийн нэг нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний алтан медальт Кьонг Ил Янг бээр иртэй байж Японы алдарт Юки Такахаши, Ираны бөх, дэлхийн аврага Хасан Рахими, Гүржийн бөх Владимир Хинчегашвили гээд ширүүн өрсөлдөгчдийг ялж хоёр дахь түрүүгээ авлаа.
Мөн ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ өвөртлөх зорилготой ирсэн Оросын бөх В.Лебедев, Ираны бөх Хасан Рахимид нар дэвжээний захад түлхүүлж оноо алдаж, бүр барилдааны төгсгөлд тактикийн алдаа гарган цэвэр ялагдаж, медальгүй хоцорсон юм.
“Ташкент 2014” тэмцээний эргэн тойрон дахь мэдээллээр эргэн уулзъя.
Аваргуудад халгаатай "Ташкент 2014" | ||
Үзсэн: 2654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.