Шууд Chart

Д.Трампын сонгуулийн ялалт баталгаажив

2024-12-19 16:02:40

Өнгөрсөн 11 сарын 5-нд АНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуульд  Дональд Трампын авсан бүх саналтай дүйцэх тооны саналыг сонгогчдын төлөөллөөс мөн өгсөн байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Трамп болон дэд ерөнхийлөгчид сонгогдсон Жеймс Вэнс нар сонгогчдын төлөөллийн 312 санал авсан бол, тэдний өрсөлдөгч дэд ерөнхийлөгч Камала Харрис, Миннесотагийн захирагч Тим Уолц нар 226 санал авсан байна. АНУ-ын 50 муж улсаас хамгийн сүүлд өчигдөр Техас муж улсын сонгогчдын төлөөлөл санал хурааж Трамп нэмэлт 40 санал авснаар ялалтаа албан ёсоор баталгаажуулж чаджээ.

Ерөнхийлөгчид сонгогдоход сонгогчдын төлөөллийн 270-с дээш тооны санал авсан байх шаардлагатай байдаг. Энэ жилийн америкийн ерөнхийлөгчийн сонгуульд 150 сая гаруй америкчууд санал өгсөн. Гэвч 4жилд нэг удаа Капитолийн ордонд чуулдаг сонгогчдын төлөөлөл 538 хүний саналаар ерөнхийлөгчийг эцэслэн сонгодог онцлогтой. Сонгогчдын төлөөлөлд Сенатын 100 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Вашингтоны нэмэлт  сонгогчдын төлөөлөл 3 хүн нэмэгддэг. АНУ-ын муж улс болгонд харгалзах сонгогчдын төлөөллийн тоо 10 жил тутамд явагддаг хүн амын тооллогын дүнгээс хамаарч хэлбэлздэг.

Ерөнхийдөө нийт иргэд сонгогчдоос ялагчид өгсөн саналын тоо, сонгогчдын төлөөллийнхтэй давхцаж таардаг. Харин сүүлийн 25 орчим жилд хоёр л удаа 2000 болон 2016 оны сонгуулийн ялагчийг иргэд сонгогчдоос авсан саналын тоо нь ялагдсан нэр дэвшигчийнхээс цөөн байсан. Харин энэ удаагийн сонгууль сонгогчдын төлөөлөл иргэд сонгогчдын шийдвэртэй зөрчилдөлгүй, давхар баталгаажуулсан дараалан хоёр дахь удаагийнх нь боллоо гэж CNN дурдсан байна.

Үүний зэрэгцээ Трамп энэ удаагийн ард нийтийн санал хураалтад өрсөлдөгч Харрисаас 2 сая гаруйгаар илүү санал авсан байгаа ч, гуравдагч хүчнүүдийн нэр дэвшигчдийн авсан саналыг оруулж тооцвол 49,9 хувийн санал авсан дүн гарчээ. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг ирэх 1 сарын 6-нд Конгрессийн шинээр сонгогдсон бүрэлдэхүүн эцэслэн баталгаажуулна.

Харин тангараг өргөх ёслол 1 сарын 20-нд Вашингтон хотын төв дэх Капитолийн ордны өмнө болох юм.


Д.Трампын сонгуулийн ялалт баталгаажив  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй