Япон улс нар, салхи зэрэг сэргээгддэг төрлийн эрчим хүчийг 2040 он гэхэд эрчим хүчний голлох эх үүсвэрээ болгохыг зорьж байна. Гурван жил тутам шинэчлэн баталдаг Япон улсын эрчим хүчний стратеги төлөвлөгөөнд ингэж тусгасан байна. Шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийд хоёр дахь том импортлогч, Ойрх дорнодын нефтийн томоохон хэрэглэгч Япон улсын эрчим хүчний бодлого зорилтууд, нефть, хий, нүүрс нийлүүлэгч орнуудын зүгээс чамгүй анхаарал татаж байна.
Японы аж үйлдвэрийн яамнаас өчигдөр танилцуулсан энэ баримт бичигт, эрчим хүчний найдвартай тогтвортой хангамж бүрдүүлэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хүрээнд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг бүрэн хэмжээнд ашиглаж дэмжихийг гол болгожээ. Ингэснээр 2040 оны санхүүгийн жилд эрчим хүч үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 40–50%-д хүргэхээр тусгасан байна. 2023 оны санхүүгийн жилд энэ зорилтот хэмжээ 22,9% байсныг ийнхүү бараг 2 дахин өсгөж оруулж байна.
Мөн 2023 оны эрчим хүч үйлдвэрлэлийн 68,6%-ийг бүрдүүлж байсан нүүрс зэрэг ашигт малтмалаар ажилладаг цахилгаан станцын ашиглалтыг 2040 он гэхэд 30-40% руу бууруулна.
Энэ хүрээнд өнгөрсөн жил гэхэд эрчим хүч хангамжийн 8,5%-г бүрдүүлж байсан цөмийн эрчим хүчийг 2040 он гэхэд 20%-д хүргэхээр тусгажээ. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш сүүлийн 10 гаруй жил баримталсан цөмийн эрчим хүчийг хязгаарлах бодлогыг ийнхүү хойш тавих болж байна. 2040 он өмнө ялангуяа хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, ХОУ-ны мэдээлэл боловсруулах төвүүд зэрэг эрчим хүчний зарцуулалт өндөртэй салбаруудын нөлөөгөөр Японд цахилгаан эрчим хүчний эрэлт өнгөрөгч 2023 оныхоос 12-22 хувиар өснө гэдэг тооцооллыг баримталж энэ баримт бичгийг боловсруулсан байна. 16 шинжээч мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан энэ бодлогын баримт бичиг ирэх оны эхээр Засгийн газраар батлагдаж магадгүй юм байна.
Япон улс 2040 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг голлох эх үүсвэрээ болгоно | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.