Хятадын Төв банк сарын бүрийн 20-нд хэлэлцэж тогтоодог LPR буюу нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3,1 хувийн түвшинд хэвээр баталсан байна. Ипотекийн зээлийн хүүгийн жишиг баримжаа болдог 5 жилийн хугацаатай зээлийн хүүг мөн 3,6%-иас хөдөлгөөгүй байна. Зах зээлийн дийлэнх шинжээчийн таамаглалыг баталсан энэ шийдвэр нь Хятадад зээлийн эрэлт сул, бас юанийн ханш байнга чангарч байгаатай холбоотойгоор эдийн засагт нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагаас нь үүдсэн гэж тооцогдож байна.
Нэг жилийн зээлийн хүүгийн хувьд Хятадын компани аж ахуйн нэгжүүд болон өрхийн ихэнх зээлийн ханшийг тодорхойлох үүрэгтэй байдаг юм байна. ХКН-ийн улстөрийн товчоо ирэх онд Хятад улс зээл мөнгөний боломжит зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг энэ сарын эхээр зарласан.
Сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаа энэ талын бодлогыг сулруулахаар болж байгаа энэ алхам нь эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс санхүү мөнгөний илүү идэвхтэй бодлого явуулж байгаатай нь холбоотой байна. Америк доллартой харьцах зээлийн хүүгийн өгөөжид тогтворгүй байдал нэмэгдсэн нь юанийн ханш сүүлийн жил гаруй хугацаанд хамгийн сул үзүүлэлтэд хүрч буурахад нөлөөлсөн. Ингэснээр хятадын 10 жилийн хугацаатай засгийн газрын бонд болон АНУ-ын мөн ижил бондын хоорондын зөрүү сүүлийн 22 жилд байгаагүйгээр холдсон үзүүлэлтэд хүрчээ.
Үүний зэрэгцээ Хятадын төв банкны шийдвэр, Японы 11 сарын инфляцын мэдээний нөлөөгөөр баасан гарагт Азийн гол индексүүд буурсан байна. Японы Төв банк өмнө нь бодлогын хүүг 0,25 хувийн түвшинд хэвээр үлдээсэн бол, хүнс болон түлшний үнэ өндөр байгаагаас шалтгаалж 11 сарын инфляцын суурь үзүүлэлт шинжээчдийн тооцоолсноос давж 2,7 хувийн өсөлттэй гарчээ. Японд ковид цар тахлын үеийн өсөлтөөс хойш инфляц онц буураагүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд Японы төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс байнга давж байгаа. Шинэ тутам эдгээр мэдээний араас Японы Никкэй 225, Хонконгийн Хансен, Өмнөд солонгосын Коспи индекс 0,29-1,3 хувиар буурсан дүнтэйгээр 7 хоногийн арилжааг өндөрлүүлсэн байна.
БНХАУ-ын Төв банк зээлийн хүүгийн түвшинг хэвээр үлдээжээ | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.