Шууд Chart

Албани улс Европын холбоонд гишүүнчлэх асуудлаарх хэлэлцээний шинэ шатыг эхлүүлэв

2024-12-21 12:21:19

Албани улс Европын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэх асуудлаарх хэлэлцээний шинэ шатыг эхлүүлсэн байна. Энэ тухай Албаний Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, хэлэлцээг 2027 он гэхэд эцэслэж, 2030 он гэхэд Европын холбоонд албан ёсоор нэгдэх зорилт тавьж байгаагаа мэдэгдэж байна. Европын холбоо ч мөн тэлэлтийн орон зайгаа Баруун Балканы 6 улс болон Зүүн Европын 6 улс гэсэн 2 үндсэн чиглэлд идэвхтэй хэрэгжүүлж байна.

Барууны Балканы орнууд болох Албани, Босни, Косово, Монтенегро, Хойд Македон, Серби зэрэг улс тус бүр Европын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэх өргөдлөө албан ёсоор гаргаж, улс орон бүрийн дотоодын нийгэм, улс төрийн байдлаас шалтгаалаад харилцан адилгүй үе шатанд явж байна. Гэхдээ ОХУ Украинд түрэмгий дайн эхлүүлсэн нь, Европын холбоо эдгээр 6 улсыг эгнээндээ нэгтгэх үйл явцыг түргэсгэхэд хүргэсэн юм.

Албани улс Балканы орнуудаас Европын интеграцид нэгдэх хүсэлтээ 2009 онд гаргасан боловч, зарим бэрхшээлээс шалтгаалан ахиц удаан явсаар өнгөрсөн 2023 онд гишүүнчлэх асуудлаарх албан ёсны хэлэлцээг Брюссельтэй эхлүүлсэн юм.

Европын холбооноос Албани улсыг гишүүнчлэхэд хэд хэдэн гол өөрчлөлтүүдийг шаардаж байна. Тухайлбал, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, улс төр дэх авлигатай тэмцэх, хууль бус үйл ажиллагааг хязгаарлах, хүний эрх ба ардчиллын зарчмуудыг хангах, Европын холбооны стандартад нийцсэн чөлөөт зах зээлийн зарчмуудыг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах гэсэн шаардлагуудыг тавьж байна.

 Албани улсын хувьд, ирэх 2027 онд Европын холбоотой хэлэлцээрт хүрнэ гэж зорьж байгаа боловч, энэ үйл явц нь Албаниас шалтгаалахгүйгээр Европын холбооны дотоод улс төрийн нөхцөл байдлаас ч хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, Европын холбооны гишүүн орнуудын дэмжлэг, Брюсселийн шаардлагуудыг хэрхэн биелүүлж буй үйл явцаас ихээхэн хамаарна. Тухайлбал, Итали улс Албанийг гишүүнчлэх асуудалд тууштай дэмжиж ирсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Албани улс Европын холбоонд гишүүнчлэх асуудлаарх хэлэлцээний шинэ шатыг эхлүүлэв  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй