Шууд Chart

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр Москвад суралцаж буй монгол оюутан анхны дүрээ бүтээжээ

2024-12-24 12:45:31

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Москва хотын Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцахаар илгээгдсэн анхны оюутан М.Хайрат анхны дүрээ бүтээжээ.

 

 

Тэрбээр тус хотод соёл, урлагийн чиглэлээр суралцаж буй цор ганц оюутан бөгөөд түүний тоглосон анхны бүтээл нь 1786 онд Вольфганг Амадей Моцарт болон Италийн зохиолч Лоренцо Да Понте нарын хамтран зохиосон  “Фигарогийн хурим, галзуурмаар өдөр” нэртэй хошин дуурь юм. М.Хайрат Монгол Улсын консерваторид Дуулах урлагийн тэнхимд суралцаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн байна. Өдгөө Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн академид профессор Тимофей Юрьевич Крюковын удирдлагад дуурийн дуучин мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байгаа аж.

1784 онд Пьер Бөмаршэгийн “La folle journée, ou le Mariage de Figaro” хэмээх зохиолд үндэслэн бичсэн “Фигарогийн хурим” дуурийг ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн , профессор Ю.А.Сперанскийн найруулснаар өчигдөр  Гнесиныхны нэрэмжит Москвагийн Хөгжмийн академийн дуурийн театрын тайзнаа тавихад М.Хайрат  Антониогийн дүрийг бүтээсэн байна.

Мөн  ОХУ-ын Санкт-Петербург хотод XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Елена Образцовагийн Соёлын сангаас зохион байгуулсан сонгодог болон ардын урлагийн олон улсын VIII уралдаанаас “Оросын хөгжмийн зохиолчийн ари” төрөлд “Шилдэг дуулаач”-ээр нэрлэгджээ. 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр Москвад суралцаж буй монгол оюутан анхны дүрээ бүтээжээ  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй