Туркийн Гадаад хэргийн сайд ням гарагт Сирид айлчилж, Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын засаглалыг нураахад голлох үүрэгтэй оролцсон босогчдын удирдагчтай уулзалт хийжээ. Уулзалтын дараа Туркийн засгийн газар Сирийн засгийн газар анхааралдаа авахгүй бол Курдын зэвсэгт бүлэглэлийг өөрөө зохицуулна гэж шинэ засаг захиргаанд нь шахалт үзүүлж байна. Харин Сирийн шинэ засаг захиргаа Курдын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа газар нутаг дахь зэр зэвсгийг төрийн хяналтад оруулна, зэвсэгт бүлэглэлүүдээс учирч болзошгүй эрсдэлийг арилгахад ихээхэн анхаарч байгаа гэдгээ мэдэгджээ.
Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан олон улсын хамтын нийгэмлэгүүд, ялангуяа Арабын орнууд Сирийн шинэ засаг захиргаатай харилцах ёстой. Энэ бол хүлээх, харах хугацаа биш, нэн даруй арга хэмжээ авах цаг үе гэсэн байр суурьтай байна. Курдууд Сирийн ард түмний баялгийг хулгайлж байна. Турк, Ирак, Иран, Европоос ирсэн Курдын зэвсэгт бүлэглэлийн гишүүд болон хэт зүүний бүлэглэлүүд Ойрх Дорнодын бүс нутгийг алан хядах ажиллагааны үүр уурхай болгож байна гэсэн өнцөгөөс Сирийн шинэ эрх баригчдад шахалт үзүүлжээ. Харин Сирийн шинэ засаг захиргаа газар нутаг дээр нь олон жил байлдсан зэвсэгт бүлэглэлүүд хоорондын тэмцлийг газар авахуулахгүй, зэр зэвсгийг тэдний хяналтанд оруулахгүй гэдгээ Туркийн талд илэрхийлжээ. Туркийн тал мөн "Сирийг сэргээн босгоход шаардлагатай бэлтгэл ажлыг аль болох хурдан эхлүүлэх ёстой. Ингэж байж Сирийн дүрвэгч иргэд эх орондоо сайн дураараа, аюулгүйгээр буцах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно” гэж мэдэгджээ.
Мөн тэрээр өөрийнх нь айлчлал "бусад улс орнуудын эрх баригчид Сирийн шинэ засаг захиргаатай өндөр түвшинд харилцах, тус улсад айлчлах эхлэлийг тавихад түлхэц гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Туркийн тал Сирийг богино хугацаанд сэргээн босгохын тулд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нь зүйтэй гэж мэдэгдсэн байна. Одоогоор Египет, Саудын араб зэрэг улсууд Сирийн түр засгийн газартай харилцаж, тус улсын сэргээн босголтод хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын ажиллагааг татах талаар яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
БНТУ Курдын зэвсэгт бүлэглэлд анхаарлаа хандуул гэж Сирийг шахаж байна | ||
Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.