Сербийн хойд нутгийн Нови Сад хотод өнгөрсөн 11-р сарын 1-нд галт тэрэгний буудлын дээвэр нурж, 15 хүн амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнээс хойш төр засгаасаа хариуцлага нэхсэн жагсаал сүүлийн хэдэн 7 хоногт Серби улс даяар үргэлжилж байна. Ням гарагт Сербийн нийслэл Белград хотноо болсон жагсаалд 29 мянга гаруй хүн оролцож, засгийн газраа эсэргүүцсэн байна. Өчигдрийн жагсаалд оролцогчдын тооноос харахад Сербийн засгийн газарт ирэх шахалт улам нэмэгдэж байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна.
Сербийн дотоод хэргийн яамны мэдээлснээр нийслэл Белград хотод болсон оюутны жагсаалыг тариаланчид, жүжигчид, багш нар гээд нийгмийн олон төлөөлөл дэмжиж оролцсон байна. Жагсагчид галт тэрэгний дээвэр нурсан шалтгааныг Хятадын төрийн компаниудын оролцоотой төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд хоёр удаа тохижуулсан төмөр замын төв өртөөнд авлига хээл хахууль нүүрлэж, ажил цалгардсантай холбоотой гэж үзэж байна. Нови Сад хотод болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан Засгийн газрын хэд хэдэн сайд огцорч, төрийн сайд зэрэг 13 хүнийг баривчлан саатуулж, хэргийг мөрдөн шалгаж байна. Гэвч удалгүй засгийн газрын сайд суллагдсан нь мөрдөн байцаалтын талаар олон нийтийн эргэлзээг төрүүлсэн байна.
Мөн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалыг үл тоомсорлож, өнгөрсөн бямба гарагт эсэргүүцлийн жагсаал "бидэнд үнэхээр хамаагүй", сөрөг хүчнийхэн эрх мэдэлд хүрэхийн тулд оюутнуудыг ашиглаж байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын цар хүрээг хараад, жагсагчдын шаардлагыг сонсоход "бэлэн" байгаагаа мэдэгджээ. Белградын төв талбайд болсон өчигдрийн жагсаал ерөнхийлөгч Вучичийн эрх мэдлийн эсрэг сүүлийн жилүүдэд болсон хамгийн том жагсаалын нэгд тооцогдож байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн олон долоо хоног үргэлжилж байгаатай холбогдуулан Сербийн засгийн газар төлөвлөснөөс бараг 7 хоногийн өмнө эхлүүлсэн сурагчдын өвлийн амралтыг сунгасан байна. Эрх баригчид олон нийтийн уур хилэнг дарахын тулд оюутан залуучуудад янз бүрийн татаас амлаж байгаа юм байна.
СЕРБИ: Оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн нэгдлээ | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.