Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаарх шүүх хурал товлосон хугацаандаа болно

2024-12-25 10:55:54

Ерөнхийлөгч Юн Сог Ёлд парламентаас итгэл үл үзүүлэх шийдвэр баталсан асуудлаар Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх анхны урьдчилсан сонсголоо товлосны дагуу энэ баасан гарагт хийнэ гэж мэдээлж байна. Шүүхийн энэ хэлэлцүүлэгт байлцах шүүхийн зарлан дуудах хуудсыг Юн Сог Ёль хүлээж авахаас удаа дараа татгалзаж байгаагаас сонсгол хойшилж магадгүй байгаа талаар өмнөдийн хэвлэлүүд мэдээлсний дараа ингэж зарласан байна.

Тэрчлэн шүүхийн мөрдөн шалгалттай холбогдох баримт бичгүүдийг Юнд гардуулж өгсөнд тооцно гэдэг байр сууриа Шүүхээс даваа гарагт мэдэгдсэн байна. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч очихгүй тохиолдолд хариу ямар арга хэмжээ авах вэ гэдэг тухайд шийдвэрийг шүүгч гаргана гэдгээс өөр тайлбарыг шүүхээс хийгээгүй байна. Үүний зэрэгцээ цагдаагийн газар зэрэг төрийн дээд байгууллагуудаас хамтарсан мөрдлөгийн багаас өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгчийн ажлын алба руу хоёр дахь удаагаа мэдүүлэгт дуудах хуудас илгээсэн бөгөөд хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байгааг мөн мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Юн үймээн самуун дэгдээхийг санаархсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэргийн мөрдлөгөөс илүү өөрт нь итгэл үл үзүүлэх шийдвэрт холбогдох шүүх ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөхөд бэлэн байгаа гэдэг байр суурь илэрхийлснийг өмнөдийн хэвлэлийн ойрын өмгөөлөгч нарын нэгээс иш татан уламжилж байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч Юн цэргийн онц байдал зарлахаар завдсан хэрэг явдлын дараагаас хойшилсон хоёр талын дипломатын болон аюулгүй байдлын асуудлаарх төлөвлөгөөт ажлуудыг бүрэн сэргээхээр Өмнөд Солонгос, Америкийн өндөр албаныхан тохирсон байна.

Өмнөд солонгосын ГХЯ-ны дэд сайд болон АНУ-ын тнбд-ын орлогч Курт Кэмпбелл нар Өмнөд Солонгост үүссэн нөхцөл байдал холбоотон хоёр улсын харилцаанд нөлөөлөх болгоомжлолоос үүдэж өчигдөр Вашингтонд уулзалт хийжээ. Тухайлбал шинэ нөхцөл байдал үүссэнээр Сөүл, Вашингтоны талууд цөмийн хамгаалалтын гол бүтэц Цөмийн зөвлөлдөх бүлгийн энэ сарын эхээр болох байсан уулзалтыг хойшилсон бол, америкийн БХЯ-ын сайд Ллойд Остиний мөн энэ сард Энэтхэг-Номхон далайн бүс дэх айлчлалын Солонгос дахь хэсгийг мөн цуцалжээ. Эндээс үүдэж холбоотон орнуудын хоорондох аюулгүй байдлын зохицуулалт доголдох вий гэдэг болгоомжлол хоёр талд үүсээд буй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаарх шүүх хурал товлосон хугацаандаа болно  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй