Шууд Chart

Францын шинэ засгийн газар бүрэлдэхүүнээ зарлажээ

2024-12-25 11:02:24

Франц улс энэ оны туршид дөрөв дэх засгийн газраа шинээр эмхлэн байгуулж байна. Франсуа Байру Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах шинэ кабинетийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч Макрон даваа гарагт зарласан байна. Шинэ засгийн хамгийн эхэнд шийдвэрлэх ёстой асуудал нь ирэх 2025 оны төсөв. Энэ асуудлаарх маргааны улмаас өмнөх Засгийн газар огцроход хүрсэн. Энэ оны 6 сард Ерөнхийлөгч Макроны зарласан ээлжит бус сонгуулиар Үндэсний хуралд аль ч нам олонх болоогүй, гурван намын хуваагдал үүссэн нь Францад улс төрд хямрал бий болох нөхцөл үүсээд байна.

Шинэ засгийн газарт олны танил, өмнөх засагт алба хашиж байсан улс төрчид олноор багтсан нь онцлог байгааг хэвлэлүүд тэмдэглэж бичиж байна. Тухайлбал, саяхныг болтол ерөнхий сайдаар ажиллаж байсан Элизабет Борн боловсрол, шинжлэх ухаан, инновац, дижитал бодлого эрхэлсэн, ач холбогдлын дарааллаар хоёрт ордог сайдад тавигдсан байна. Франц энэ онд ДНБ-ийх нь 6 хувьд хүрэхээр байгаа төсвийн алдагдлаа бууруулах ЕХ-ны өмнө хүлээсэн амлалт үүргээ биелүүлэх чухал зорилттой тулгараад байгаа үед сангийн сайдын албыг банкир Эрик Ломбард авчээ. Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх талд байр суурьтай Себастьян Лекорно БХЯ-ны сайдаар, Жан Ноэль Барро мөн Гадаад хэргийн сайд хэвээр гэх мэт ерөнхийдөө төв болон консерватив чиг баримтлалтай улстөрчдөөс шинэ ЗГ бүрдсэнийг ажиглагчид дурдаж байна.

Марин Ле Пен харин Францын улс төрийн хямралын хариуцлагыг Ерөнхийлөгч Макрон хүлээж огцрох ёстой гэсний зэрэгцээ ерөнхийдөө Макроны нэр хүнд маш суларсан одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдаж болзошгүй гэдэг үүднээс хувьдаа ийм бодолтойгоор бэлтгэл хангаж байгаа гэж өнгөрсөн долоо хоногт Францын “Le Parisien” сонинд ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын шинэ засгийн газар бүрэлдэхүүнээ зарлажээ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй