Шууд Chart

Ж.Байден АНУ-ын 2025 оны батлан хамгаалах бодлогын тухай хуульд гарын үсэг зуржээ

2024-12-25 11:07:22

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден батлан хамгаалах бодлогын тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, 2025 оны санхүүгийн жилийн үндэсний батлан хамгаалахын тухай энэ хуулинд өмнөх санхүүгийн жилийнхээс нэг хувиар өндөр буюу 895 тэрбум ам.долларын төсөв тусгажээ. Тэрчлэн, Украинд үзүүлэх цэргийн болон санхүүгийн тусламж зогсох нөхцөлд учрах эрсдэлийг судалж тогтоохыг Америкийн үндэсний тагнуулын алба болон ТТГ-д энэ хуулиар үүрэг болгосон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэ хуулиар Номхон далай дахь Хятадын цэргийн хүч нөлөө тэлж байгаатай холбогдуулж энэ улс нутаг дахь тогтоон барих санаачилгад 15,5 тэрбум ам.доллар, Тайваньд өөрийгөө хамгаалах хангалттай чадавх бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд 300 сая ам.доллар олгохоор тусгасан юм байна. Мөн хиймэл оюун ухаан зэрэг цэргийн шинэ технологид хөрөнгө оруулж, зэвсэг техникийн үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэгийг баталгаажуулжээ. Сүүлийн жилүүдэд АНУ цэргийн зориулалтаар хятадын бүтээгдэхүүн худалдан авахыг хориглох алхмууд хэрэгжүүлснийг энэ удаагийн хуулиар нэмж өргөжүүлсэн байгааг мөн хэвлэлүүд тэмдэглэж байна.

Үүнээс гадна ирэх 2025 оныг дуусталх хугацаанд Украины дайн хямрал үргэлжлэх нөхцөлийг үнэлж Конгрессийн холбогдох хороодод танилцуулах, үүнд Вашингтоноос Киевт үзүүлэх эдийн засаг, цэргийн тусламж зогсох нөхцөлд өрнөх үйл явцыг мөн үнэлж тогтоох чиглэл багтжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын талаас тусламж дэмжлэг саарах нөхцөлд бусад улсаас Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхэд бэлэн байдлыг мөн судалж тогтоох ажлууд явуулахаар тусгажээ. Үүний өмнө АНУ-ын Конгресс Украинд тусламжаа зогсоох нөхцөлд, мөн одоогийн цэрэг дайны ажиллагаанд Киев ялагдал хүлээх нөхцөлд учирч болзошгүй үр дагаврыг үнэлэхийг тагнуулынханд мөн өгсөн гэдэг мэдээллийг хэвлэлүүд уламжилж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Байден АНУ-ын 2025 оны батлан хамгаалах бодлогын тухай хуульд гарын үсэг зуржээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй