Зөвхөн олон сар жилээр тусгай бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэсэн ойлголтыг “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балет эвдэж байна.
Ирэх бямба, ням гарагт СТӨ-нд 150 хүүхэд, томчуудын бүрэлдэхүүнтэй тоглох тус балетад гурван сар бэлтгэгдсэн хүүхдүүдийн зарим нь ээжүүдтэй хамт тоглох нь.
Олон улсын урлаг боловсролын хөгжлийн “Гэрэлт ертөнц” академи “Дэлхийн соёл монгол хүүхдэд” төслийнхөө хүрээнд “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балет наадмыг хоёр дахь жилдээ энэ сард зохион байгуулж байна.
ОХУ-ын балетын жүжигчдийн хамт 12 дугаар сарын 28, 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглоно гэж “Гэрэлт ертөнц” академийн тэргүүн, балетчин Ч.Батгэрэл танилцууллаа.
Тэрбээр “Бид хүүхдүүдэд зөвхөн тоглолт үзээд зогсохгүй тайзан дээр шидэт үлгэрийн дүр бүтээх үүд хаалгыг нээдгээрээ онцлог. Манай сургалтыг ОХУ-д балетийн мэргэжил эзэмшсэн, хайр татсан олон дүр бүтээж амилуулсан багш нар эрхлэн явуулдаг. Бидний хувьд илүү олон хүүхдийг тоглолтдоо хамруулж балетын урлагаар хичээллэх боломжийг олгохыг зорьж байна. Тиймээс “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетдаа цасан ширхэгийн бяцхан охидоос эхлээд Орос, Хятад, Испани үндэстний хүүхэлдэй гээд олон дүрүүдийг нэмж дэглэж байна. Эцэг эхчүүд энэ хотын түгжээнд хүүхдүүдээ хичээл сургалт таслуулахгүй зөөж хамруулж байгаад үнэхээр их талархаж байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүд балетын урлагт улам бүр догдолж дурладаг. Тиймээс бид хүүхдүүдээ уйгагүй зөөж байгаа ээжүүддээ бэлэг барихаар 19 зууны хатагтайн дүрд бүжиглэх санал тавьсан. Эцэг эхчүүд маш баяртай хүлээн авч ордны бүжгийн сургалтад хамрагдан хүүхдүүдтэйгээ хамтран тайзнаа бүжиглэж байна. Ер нь бидний тоглолт гэр бүлээрээ цугласан баярт мөчүүд болж өрнөдөг. Монгол хүүхдүүд энэ сонгодог урлагийн бүтээлийг үзээд зогсохгүй суралцаж, жүжигт оролцон тоглосноороо олон талаараа хөгждөг” гэлээ.
“Гэрэлт ертөнц” академи нь сонгодог урлагаар дамжуулан үндэсний бахархлыг бий болгохын зэрэгцээ өв тэгш үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой “Дэлхийн соёл монгол хүүхдэд” төслийг санаачилжээ.
Самар цөмөгч модон цэргүүд Маша охиныг аврахын тулд хулганын хаан ба түүний цэргүүдтэй хэрхэн тулалдан тэмцэж байгааг өгүүлдэг “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балет Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд энэ сарын 28, 29-ний өдөр 13.00, 18.00 цагаас тус тус болно.
“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.