Арванхоёрдугаар сарын 27-нд Өмнөд Солонгосын сөрөг хүчний намууд сөрөг хүчний гол нам болох Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг томилохоос татгалзсан үндэслэлээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү-г огцруулах хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Ингээд үдээс хойш тус улсын хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү-г огцруулах хуулийн төслийг санал нэгтэйгээр буюу 192:0 гэсэн харьцаатайгаар баталсан байна.
Ингээд Хан Док Су-г огцруулах тухай тогтоолыг хүргүүлснээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, засгийн газрын орлогч сайд бөгөөд Сангийн сайд Чой Сан-Мокийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болоод ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.
Энэ бол ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулах шийдвэрийг парламентаас гаргасан анхны тохиолдол болж байна. Хан Док Су парламентын шийдвэрийг хүндэтгэж, будилаан, эргэлзээ төрүүлэхгүйн тулд холбогдох хуулийн дагуу бүрэн эрхээ хүлээлгэн өгч, Үндсэн хуулийн шүүхийн шуурхай, ухаалаг шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгджээ. Харин эрх баригч Ардын хүч нам ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулах санал хураалтын ирцийг Ерөнхийлөгчид хамаарах 200 саналын гуравны хоёрын олонхын саналаар бус харин Засгийн газрын сайд нарт хамаарах 151 санал буюу олонхын саналаар тогтоосон тул парламентын санал хураалтын үр дүнг хүчингүй гэж үзэж байна.
Харин үндэсний ассамблейн дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сүг огцруулах саналыг 151 саналын саналаар батлах боломжтой гэж мэдэгджээ. Одоо эрх баригч нам ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулах шийдвэрийг хүчингүй болгуулахын тулд шүүхээр хориг тавиулах эсвэл бусад хуулийн гаргалгааг олох болов уу гэж таамаглаж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн дэглэм тогтоох онц байдал зарласных нь төлөө парламент нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, түүний үүргийг ерөнхий сайд Хан Док Сү хоёр долоо хоногийн өмнө хүлээж авсан. Тэрээр ерөнхийлөгчийн үүргийг хүлээж авснаасаа хойш сөрөг хүчний санаачилсан хэд хэдэн хуулийн төсөлд хориг тавьжээ. Тухайлбал ерөнхийлөгч Юн Сок Ёлын цэргийн дэглэм зарласан үйлдлийг мөрдөн шалгах тусгай хороо байгуулах хуулийн төсөлд хориг тавьсан юм байна. Тус улсын сөрөг хүчний намууд Хан Док Су-г огцруулах хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн.
Тухайлбал үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг томилохоос татгалзсан, 12-р сарын 3-ны өдөр ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн дэглэм тогтоохоор онц байдал зарлахад хамтран оролцсон, ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайд хамаарах мөрдөн шалгах тусгай хороо байгуулахаас татгалзсан гэж буруутгаж байна.
Мөн түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сэргээхийн төлөө ажиллаж байна. Хан Док Сү өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч биш, бослогын удирдагчийн үүрэг гүйцэтгэгч гэдгээ харууллаа гэж үзэж байна. Мөн өнөөдөр Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцруулах шүүх хурлын урьдчилсан шүүх хурлыг хийж, шүүх үйл явцыг шуурхай үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, дараагийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 3-нд хийхээр товлосон байна.
БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулах хуулийн төслийг санал нэгтэй баталлаа | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.