БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт 2025 онд дээд цэгтээ хүрч өсөж магадгүй байна. Дэлхийд төмрийн хүдрийн хэрэглээгээр тэргүүлдэг Хятад улсын зах зээлд хямд төмрийн хүдэр бөөгнүүлэн нөөцлөх сонирхол арилжаалагчдын дунд өндөр байгаа нь ийм төсөөлөл гарахад нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Гэхдээ төмрийн хүдрээс гарган авдаг голлох бүтээгдэхүүн болох гангийн эрэлт Хятадад энэ онд төдийлөн өсөхгүй буюу энэ төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эд хэлбэрээр хадгалах сонирхол өндөр байна. БНХАУ-д ган түлхүү ашигладаг орон сууцны зах зээл сул байгаа нь гангийн эрэлт буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
БНХАУ-ын зах зээлд төмрийн хүдрийн импорт энэ онд 10-40 сая метр тонноор өсөж 1 тэрбум 270 сая тоннд хүрэх төлөв байна. Зах зээлийн шинжээчид өмнө нь Хятадын төмрийн хүдрийн импорт 2024 онд хамгийн дээд цэгтээ хүрнэ гэж тооцоолж байснаас энэ оны таамаг илүү өсжээ. Хятадад ийнхүү төмрийн хүдрийн импорт өсөхөд тус улсын гол түншүүд болох Автсрали, Бразил улсуудын нийлүүлэлт өсөж байгаа нь нөлөөлж байна. 2025 оны сүүлээр Рио Тинто Хятад болон бусад томоохон түншүүдтэйгээ хамтарч баруун Африкийн Гвиней улсад дэлхийд хамгийн томд тооцогдох төмрийн хүдрийн уул уурхайн төслийг эхлүүлэх гэж байгаа. Тус төслийн хүрээнд далайгаар тээвэрлэх дэлхийн нийт төмрийн хүдрийн хэрэглээний 5 хувийг олборлоно гэсэн тооцоо байна. Үүнээс урьтаж уул уурхайнхан нөөцөнд байгаа төмрийн хүдрээ Хятадад төвлөрүүлэх сонирхол байна гэж шинжээчид харж байна.
Хятад дахь төмрийн хүдрийн нөөц нэмэгдэхийн хэрээр энэ онд төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 75-120 доллар болж буурах төлөвтэй байна. 2024 онд төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 88-144 тонн байсан. Тэгвэл Хятадад төмрийн хүдрийн түүхий эдийг ашигладаг гангийн үйлдвэрлэл сул байгаа тул өсөж байгаа импортыг дагаад нөөцөн дэх төмрийн хүдрийн хэмжээ 170 сая тонн болно гэсэн тооцоо байна.
2024 онд Хятадын төмрийн хүдрийн нөөц 146 сая тонн байснаас 2025 онд 28,3 хувиар нөөц ихсэнэ гэсэн үг юм. БНХАУ далайгаар тээвэрлэдэг дэлхийн нийт төмрийн хүдрийн гуравны нэгийг худалдан авдаг. 2024 оны эхний 11 сард БНХАУ 1,1 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 4,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгчид БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт ойрын хэдэн жилдээ буухгүй гэсэн итгэл байсаар байгаа нь ийнхүү нийлүүлэлтээ өсгөхөд нөлөөлж байна.
2025 онд Автсрали улсын төмрийн хүдрийн нийлүүлэлт 20 сая тонноор өсөх төлөвтэй байгаа бол Бразилын уурхайчид мөн л нийлүүлэлтээ багадаа 15 сая тонноор өсгөх магадлалтай байна. Зах зээлийн шинжээчдийн дийлэнх нь ийм төсөөлөлтэй байгаа бол зарим нь Хятадын валютын ханшийн уналт, гангийн үйлдвэрлэлээс шалтгаалж, төмрийн хүдрийн импорт эсрэгээрээ буурж ч магадгүйг мөн тооцоолсоор байна. Хятадад 2024 онд гангийн эрэлт 4,4 хувь буурсан бол 2025 онд үүнээсээ дахин 1,5 хувь буурах урьдчилсан таамаг байна.
БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт 2025 онд дээд үзүүлэлтэд хүрч өсөж магадгүй | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.