Шууд Chart

БНСУ санхүүгийн зах зээлийг дэмжих зорилгоор шинэ бодлого төлөвлөгөө танилцуулав

2025-01-04 11:13:57

БНСУ-ын эдийн засаг, улс төрийн тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа энэ цаг үед санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн худалдан авах чадварыг өсгөх зорилготой шинэ бодлого төлөвлөгөө танилцууллаа. Тодруулбал 2025 онд Өмнөд Солонгосын сангийн яамнаас бүртгэлтэй гадаадын санхүүгийн байгууллагуудыг одоогийн гүйлгээнд зориулж экспорт, импортын төлбөр тооцоо хийх зэргээр валютын арилжаа эрхлэхийг зөвшөөрөх маягаар гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

БНСУ өнгөрсөн жилээс үндэсний валют болох воныг олон улсын гүйлгээнд өргөнөөр ашиглах боломж бололцоог нээх арга хэмжээ авч эхэлсэн. Мөн гадны байгууллагуудыг Солонгосын дотоодын банк хоорондын систем ашиглан воноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрч эхэлсэн. Өмнөд Солонгос улс ингэж бүртгэлтэй гадаадын аж ахуй нэгжүүдийг воноор төлбөр тооцоо хийх боломж олгосноор Солонгосын бизнесийн цар хүрээ тэлэх давуу талтай юм.

Одоогоор Өмнөд Солонгосын воноор олон улсад зөвхөн хувьцаа, бонд арилжаалах боломжтой байна. Өмнөд Солонгосын засгийн газар мөн 2024 оны 7-р сараас эхэлж хөрөнгийн бирж дэх воны хаалтын хугацааг шөнийн 2 цаг буюу Лондонгийн ажлын цаг дуусах үеэр хаадаг болгохоор өөрчилсөн байдаг.

Ингэснээр гадны санхүүгийн байгууллагууд дэлхийн хаанаас ч зайнаас воноор арилжаа хийх боломжтой болсон гэж сангийн яамнаас нь дурдсан юм. Цаашдаа Өмнөд Солонгосын санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд гэнэтийн бодлого төлөвлөгөө шаардлагатай бол танилцуулна гэж яамнаас дурджээ. Мөн гадаад улс орнуудтай хамтарч ажиллана гэдгээ мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Коспи хөрөнгийн бирж, үндэсний валют вон нь өнгөрсөн жил Азидаа хамгийн сул үзүүлэлттэй байсан. КОСПИ хөрөнгийн биржийн өсөлт 10 хувийн уналттай гарахад улс төрийн тогтворгүй байдал голчлон нөлөөлж, хөрөнгө оруулагчдын итгэл буурсан байна. Мөн Солонгост жил ирэх тусам төрөлт буурч, татвар төлөгч хүн амын тоо цөөрсөөр байгаа нь эдийн засаг, санхүүгийн зах зээлд нь нөлөөлж байна.

БНСУ-ын экспорт 2024 онд маш өндөр өсөлттэй гарсан ч 2025 онд дэлхий дахинд худалдааны дайн, тарифын дайн гарах эрсдэл өндөр байгаа нь эргээд экспортын хэмжээнд нь сөргөөр нөлөөлж магадгүй байна. БНСУ-ын эдийн засгийн өсөлт 2024 онд 2,1 хувьтай гарсан бол 2025 онд 2 хувьтай гарах боломжтой гэж Солонгосын төв банк тооцоолсон ч засгийн газраас 1,8 хувьтай гарах болов уу гэж таамаглаж байна. Солонгосын төв банкнаас мөн энэ оны инфляцын түвшинг 2 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа бол засгийн газраас 1,8 хувьд хэлбэлзэнэ гэж тооцоолж байна.

Солонгосын засгийн газраас энэ онд гадаад худалдаа, арилжаа, санхүүгийн зах зээлийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэж харж байгаагаас гадна ард иргэдийн амьдралд гадаад дотоод олон хүчин зүйлүүдийн нөлөө илүү тод мэдрэгдэнэ гэж үзэж байна. Засгийн газар мөн 2025 оны төсвөө жилийн эхний хагаст голдуу төвлөрүүлж, зарим зохицуулгыг зөөлрүүлж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвлөгөөтэй байна.

Энэ оны засгийн газрын зардлыг сөрөг хүчний олонх нь бүрдүүлдэг Үндэсний ассамблейгаас танасан тул засгийн газар 2025 оны эхний улиралд багтаан нэмэлт төсөв батлуулахаар өргөн барих болов уу гэж эдийн засагчид үзэж байна. Сүүлийн 2-3 жил маш сул байгаа ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд сангийн яамнаас  энэ оны эхний хагаст зарим татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, автомашин худалдан авсны татвараас 30 хувь чөлөөлөх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх төлөвтэй байна. Солонгосын төв банкнаас мөн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай уялдуулан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ санхүүгийн зах зээлийг дэмжих зорилгоор шинэ бодлого төлөвлөгөө танилцуулав  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй