Технологийн салбарын ашиг орлого 2024 онд эрс нэмэгдэж, технологийн баячуудын хөрөнгө мөн шинэ дээд түвшинд хүрч өсжээ. Тодруулбал дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгө түүхэнд анх удаа 10 их наяд долларт хүрснийг Блүүмбергийн тэрбумтнуудын индекс харууллаа. Илон Маск, Марк Цукерберг тэргүүтэй технологийн баячууд өнгөрөгч онд хамгийн их ашиг орлого олсон бол эсрэгээрээ тансаг зэрэглэлийн брэндүүд эзэмшигч баячуудын ашиг орлого буурсан үзүүлэлттэй байна.
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск 2024 онд бизнесээсээ ихээхэн ашиг олсноос гадна ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг дэмжсэн нь түүнд ашигтай сонголт болсон гэж шинжээчид үзэж байна. Түүний эзэмшдэг Тесла, SpaceX, xAI зэрэг компаниудынх нь үнэлгээ 2024 онд огцом өсөж, хувийн хөрөнгө нь 442 тэрбум доллар давсан нь жилийн өмнөх хөрөнгөөс нь 213 тэрбумаар өссөн буюу нийт хөрөнгө нь хоёр дахин өсжээ. Тэгвэл дэлхийн хамгийн баян Илон Маск болон түүний араас хөрөнгөөрөө бичигдэж байгаа Амазон компанийн захирал Жефф Безосын хөрөнгийн зөрүү 237 тэрбумын асар хол ялгаатай байгаа нь дэлхийн анхаарлын төвд байна.
Мета компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хувьд 2024 онд хэд хэдэн шүүхийн маргаанд холбогдсон зэргээр компани нь нэлээд бэрхшээлтэй тулгарсан ч 81 тэрбумын ашиг нэмэлтээр олж чаджээ. Блүүмбергийн тооцоолсноор эдгээр технологийн салбарын тэрбумтнуудын 2024 оны хөрөнгө нийлээд Герман, Япон, Австрали улсуудын ДНБ-тэй тэнцэхүйц болсон байна. Тэгвэл LVMH, Loreal зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн эзэд хамгийн том зах зээл нь болох БНХАУ-д цар тахлын дараачаас тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний эрэлт буурч байгаагаас бүсээ чангалж, ашиг орлого нь буурсан үзүүлэлттэй байна.
Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгө 10 их наяд долларт хүрчээ | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.