АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар энэ улсын криптовалютын хэрэглээг зөвшөөрөх журам зөөлөрч магадгүй гэсэн итгэл нэмэгдэж, өнгөрөгч 2024 онд биткоины ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн. Тэгвэл 2025 онд ч мөн биткоины ханш өсөж, криптовалютын зах зээл улам тэлэх төлөвтэй байна. Үүнд криптовалютын макро орчин сайжирч байгаа болон хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна.
Биткоины ханш 2024 онд 150 хувь өссөн дүнтэй гарснаар өнгөрсөн онд өсөлтөөрөө тэргүүлсэн хамгийн том зах зээл гэсэн тодотголын эзэн болоод байна. Цаашдаа биткоины ханш улам эрчтэй өссөөр 200 мянгаас 250 мянган америк долларт хүрч магадгүй байна. 2017 оноос хойш Биткоины ханш дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр эрчтэй өсөж байна. Эхний мөчлөгт биткоин 2300 хувийн өсөлт үзүүлсэн бол дараагийн дөрвөн жилд 1700 хувийн өсөлт харуулжээ. Гэхдээ энэ мөчлөг дунд өсөлт нь саарч 70-80 хувь болох үе ч байдаг. Хоёр жилийн өмнө гэхэд биткоины ханш түүхэн доод үзүүлэлт буюу 16 мянган долларт хүрч унаж байсан. Түүнээс хойш бүтэн 600 хувиар өсөөд байна.
Ирэх хоёр жилд мөчлөгийнхөө дагуу маш эрчтэй өсөх таамаг байна. Криптовалют ихэвчлэн дэлхийн төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх үеэр огцом өсөх хандлагатай байдаг. Шалтгаан нь голцуу хөрөнгө оруулагчид мөнгөний нийлүүлэлт ихэссэн үед криптовалют шиг эрсдэлтэй зах зээлд хөрөнгө оруулж аз сорих сонирхол нь оргилдог онцлогтой байна.
Дэлхийн төв банкууд 2025 онд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, бодлогын хүүгээ үргэлжлүүлэн танах төлөвтэй байгаа тул криптовалютын зах зээл тэлэхэд нөлөөлөхөөр байна. Биткоины ханшийн энэ огцом өсөлт эхлэхээс өмнө 2024 оны 2-р сарын байдлаар биткоины ханш 52 мянган долларын эгзэгтэй мөчлөг дээр ирээд байсан. Харин 2024 оны сүүл хагаст биткоины хэрэглээг зөвшөөрөх журам зөөлөрч магадгүй болж ирэхэд ханш нь эрчтэй өсөж эхэлсэн. Биткоины ханш өнгөрөгч оны 11-р сар хүртэл 52 мянган доллароос 72 мянган доллар болж өсөөд байсан бол 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа огцом өссөн байна.
Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөснийхөө дараа баримтлах бодлогуудынх нь дунд крипто зах зээлд ээлтэй бодлого баримтлах, АНУ-ыг дэлхийн криптовалютын нийслэл болгох зэрэг амлалт өгсөн нь хөрөнгө оруулагчдыг ихээхэн татсан юм. 12-р сард биткоины ханш анх удаа 100 мянган долларын босгыг давсан байна. Трамп мөн 12-р сард биткоиныг АНУ-ын стратегийн нөөцийн нэг хэсэг болгоно гэж амлаж байв. Хэрвээ энэ амлалтаа биелүүлэх юм бол биткоины ханш 1 сая долларт хүрч магадгүй гэж хөрөнгө оруулалтын компаниуд таамаглаж байна.
Өнгөрсөн 7-р сард Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр биткоиныг бүх америкын ард түмэнд ашигтай үндэсний байнгын хөрөнгө болгох боломжтой гэж дурдаж байсан. АНУ-ын сенатч Синтиа Луммис гэхэд ирэх таван жилийн хугацаанд жил тутам 200 мянган ширхэг биткоин худалдан авах төлөвлөгөөний драфт танилцуулж байсан. Биткоин олборлох механизмын онцлогийг харах юм бол 21 сая ширхэг биткоин олборлон нийлүүлэх хязгаартай гэж зах зээлийн шинжээчид үздэг. Хуулийн дагуу энэ олборлолтыг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй ч АНУ-ын засгийн газар алтны нөөцөөсөө зарж, Биткоины худалдан авч сан босгох боломжтой гэж Ройтерс бичжээ.
Криптовалютын зах зээл 2025 онд улам тэлэх төлөвтэй байна | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.